Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2025 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж эхэллээ. Одоогийн байдлаар “Мандал даатгал” нэгж хувьцаанд 14 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дагаад тус компанийн хувьцааны ханш “хөдөлгөөнд орж” 24 хувиар өсчээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар “Мандал даатгал”ын цэвэр ашиг 11.3 хувиар өсөж, 8.1 тэрбум төгрөгт хүрснийг тайлангаас нь харж болно. Харин “Дэвшил мандал” болон “Оллоо” ХК-иуд ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргасан аж.
2025 онд нээлттэй компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараасны 50 гаруй хувийг банкууд бүрдүүлсэн аж. Гэвч өнгөрсөн жилийн сүүлчээр банкуудын ашигт ажиллагаа буурсан нь энэ онд ногдол ашгийнх нь хэмжээ төдийлөн өсөхгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүрээд байна. Компаниуд ТУЗ-ийнхөө шийдвэрээр жил бүрийн хоёрдугаар сарын дундуур ногдол ашиг тарааж эхэлдэг ч энэ удаад Сар шинийн баяртай холбоотойгоор ийнхүү наана нь шийдэх болжээ.