Эрүүл мэндийн яамны санаачилгаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” нь салбар дундын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж тааруу байх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолсон. Харин тоон мэдээллээс харахад өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өнгөрсөн 10 жилийн дунджаас буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 20 хүртэлх насны охидын жирэмслэлт 2015 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.3 хувь болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.8 хувиар буурчээ. Мөн ийм насны охидын үр хөндөлт 2015 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.5 хувь болсон нь 10 жилийн дунджаас 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн 2024 онд төрсөн нийт эхчүүдийн 3.4 хувь нь өсвөр насныхан байна. Энэ нь 10 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Ч.Болор