УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад энэ сарын 9-12-нд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэхүү айлчлалын зорилго юм. Мөн улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийг зорьжээ.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцох аж. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулах юм байна.
С.Уул