Өнөөдөр УИХ-ын Гишүүн С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Игавахара Масару, Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн нарийн бичгийн дарга Шинода Изүми нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд мэдээллийн технологи, өндөр хурдны интернэтэд тулгуурлан, алслагдсан бүс нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, тэгш хүртээмжтэй хүргэх, боловсролын салбарт хэрэгжиж буй EF EFEKTA төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцлаа.
Налайх, Багануур, Багахангай дүүргийн 8-12 дугаар ангийн сурагчид, англи хэл, мэдээлэл зүйн багш нар, төрийн албан хаагчид зэрэг 10 мянган хүнийг Английн хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрт хамруулж эхэлсэн. Энэ төслийг цаашид улс орон даяар хэрэгжүүлж, алслагдсан аймаг, сум, дүүргийн залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, технологийн дэвшил ашиглаж дэлхийн боловсролд хүргэхийг зорьж байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд интернэтийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд 21 аймаг, 330 сумын интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах тухай талууд санал солилцлоо.
Алслагдсан бүс нутгийн иргэдийн интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх нь зөвхөн салбарын асуудал бус;
Бүсчилсэн хөгжлийн бодлого
Хүн амын суурьшлыг хадгалах
Улсын аюулгүй байдлыг хангах зэрэг стратегийн ач холбогдолтой гэдгийг УИХ-ын Гишүүн С.Амарсайхан онцлов.
Монгол, Япон хоёр улс 2022 онд харилцаагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон ахиулсан. Хоёр улс боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц, цахим хөгжил зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.