Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” зорилтын хүрээнд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг малчид, иргэдэд шуурхай хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээллээ. Үүний нэг нь SOS төхөөрөмж аж. Тодруулбал, тус газрынхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Адапт” төслийн хүрээнд “ONDO space” компанитай хамтран сансрын хиймэл дагуулаар дамжуулан сүлжээгүй бүс нутгийн малчдад цаг агаарын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, эрсдэл тохиолдсон нөхцөлд тусламж дуудах зориулалт бүхий SOS төхөөрөмж хөгжүүлжээ. Эхний ээлжид уг төхөөрөмжөө Сүхбаатар аймгийн алслагдсан бүс нутагт амьдардаг найман өрхөд хүлээлгэн өгсөн байна. Тэд өмнө нь урьдчилан сэргийлэх мэдээлэлгүйгээс цаг агаарын хүндрэл, эрсдэлд цөөнгүй өртөж байжээ. Харин өдгөө ийм төхөөрөмжтэй болсноор өөрийн оршин суугаа сум, орон нутгийн гурван хоногийн цаг агаарын өдөр тутмын болон аюултай, гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээг тогтмол авах боломжтой болов. Цаашид уг төхөөрөмжийг алслагдсан аймаг, сумын малчдад шат дараатай нийлүүлэх гэнэ.
Ташрамд дурдахад, Цаг уур, орчны шинжилгээний газрынхан цаг уурын урт хугацааны ажиглалтын өгөгдөл, улс орныг бүхэлд нь хамарсан мониторингийн сүлжээ, ган, зуд болон эрсдэлийн мэдээлэл, газрын доройтол, бэлчээрийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэхэд суурь нөхцөл болох “Бэлчээрийн карбон шингээлтийн төсөл”-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буйгаа хэлсэн. Төслийг хиймэл дагуулын мэдээлэл, үндэсний уур амьсгалын өгөгдөлтэй уялдуулан, хяналт-тайлагнал-баталгаажуулалт хийх зэргээр өргөн хүрээнд хэрэгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг сайжруулах, хөрсний органик карбоныг нэмэгдүүлэх, экосистемийн тогтвортой байдлыг дэмжинэ гэв.
О.Ундрах