Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын IQAir цахим хуудсанд мэдээлснээр Монгол Улсын нийслэл “Хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтад дахин багтаж, улмаар тэргүүлэх болжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны ням гаргийн 05.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанар “AQI 204” ангилал буюу “Эрүүл мэндэд маш их хортой” гэж үнэлэгдсэн байна. Ингэснээр манайх Энэтхэгийн Мумбай болон Колката, Бангладешийн Дака, Пакистаны Карачи зэрэг агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг томоохон хотуудыг ч ардаа орхин “түрүү магнай” хүртэв.
Өчигдөр өглөөний 08.00 цагийн байдлаар Улаанбаатар агаарын бохирдлын түвшнээрээ дэлхийн хотуудаас долоодугаарт жагсаж байсныг тус цахим хуудаснаас харж болно. Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас хойш тогтмол муудаж “Unhealthy”, “Very unhealthy” гэсэн ангилалд үнэлэгдэж буй нь нийслэлийн хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн хэвээр байгааг IQAir онцлоод, гол шалтгаан нь нүүрсний хэрэглээ их байгаа тай холбон тайлбарлажээ. Агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлс нь айл өрхүүдийн галлагаа, халаалтад нүүрсийг их хэмжээгээр ашиглаж буй, мөн түүгээр ажилладаг цахилгаан станц, үйлдвэрүүдээс гадна тээврийн хэрэгслүүдээс ялгарах утаа, хуучирч хоцрогдсон нийтийн тээврийн дэд бүтэц болоод сэргээгдэх эрчим хүч, эко халаалтын сонголтгүй, төлөвлөлтгүй суурин газрууд өргөжиж байгаа явдал гэж тодотголоо.

Г.Сансар