“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас өнгөрсөн оны авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцууллаа. Үүгээр Монгол Улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2024 онд 114-т жагсаж байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Дээрх индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашиглан 100 оноогоор дүгнэдэг бөгөөд энэ удаад манай орон 31 оноо авчээ. Монголын хувьд хэдийгээр зээлжих зэрэглэл тодорхой хэмжээнд сайжирсан ч тогтвортой бус, эдийн засаг нь цөөн төрлийн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай, нийгмийн халамж өндөр, уул уурхайн салбарын эцсийн өмчлөгч ил тод бус, хариуцлагатай уул уурхайн тодорхой шалгуурыг хангаагүй зэргийг дурджээ. Эдгээр асуудлаас гадна авлигын эсрэг бодлогын хэрэгжилт сул байдаг нь эдийн засаг, бизнесийн орчин, хуулийн засаглалд сөргөөр нөлөөлж, авлига, байгаль орчны хохирол, хүний эрхийн зөрчлийг бууруулах боломжийг багасгаж буйг дээрх байгууллагаас мэдээлэв.
С.Дулам