ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ. Тус дүүргийн VII, XX хороонд байрлах түлш борлуулах таван цэгээр орж, борлуулагчидтай уулзахад сүүлийн өдрүүдэд нэг цэгт таван тн орчим түлш нийлүүлж байгаа бөгөөд буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэд дугаарлан зогсох болсныг учирлажээ.
Тус комиссынхон оны өмнө гэр хорооллын иргэдтэй уулзаж, нөхцөл байдлыг сонсоход мөн л түлшний нийлүүлэлт бага, олдоц тааруу байгааг хэлж байж. Гэтэл одоо ч олдоц тааруу, иргэд нүүрс авахын тулд таньдаг нэгэндээ захиж, хэзээ ирэхийг нь мэдэхгүй хүлээж зогсох, шөнө оройн цагаар дугаарласан хэвээр аж. Харин энэ тухайд “Тавантолгой” ХХК-ийнхан “Коксожсон түлшийг нийслэлийн хэмжээнд борлуулалтын нийт 423 цэгээр түгээж байна. Нийлүүлэлт буураагүй, хэвийн үргэлжилж байгаа. Сар шинийн баяртай холбоотой замын түгжрэл эрс нэмэгдсэн тул ачаалал багассан цаг, зарим тохиолдолд шөнө тээвэрлэж байна” гэх тайлбар өгөв. Мөн “Өдөрт 2000-2300 тн түлш борлуулдаг байсан бол өнгөрсөн долоо хоногоос 2800 тн болгож нэмсэн. Амралтын өдрүүдэд 3000 тн захиалах нь бий. Ид хүйтэнд өдөрт 2300-2500 тн түлшний захиалга ирдэг. Үүнээс нэмэгдсэн үү гэхээс багасаагүй” хэмээсэн. Ташрамд, коксон түлш илч багатай тул хоногт нэг шуудай хүрэлцэхгүй, хүлээлт үүсгэх болсныг иргэд ярив.
Ч.Болор