Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 78.2, тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.7 их наядад хүрч жилийн хугацаанд 37.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Түүнчлэн татварын нийт орлого өнгөрсөн сард 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 135.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд нийгмийн даатгалын орлого 16.5, нэмэгдсэн өртгийн албан татвар 58.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татварын орлого 50.3, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 71.8, гадаад үйл ажиллагааны төлбөр 3.4 хувиар 2024 оны нэгдүгээр сарынхаас буурсныг ҮСХ-ны тайланд дурдсан юм.
С.Цэрэн