Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Амьтны улаан дансны үнэлгээ”-г Монгол Улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд танилцууллаа. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо бодлогын суурь баримт болдог.
II ботийг шинэчлэн хэвлүүлэхэд БОУАӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан болон дотоодын 50 гаруй эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн багш нар оролцжээ. Манай улс 2006-2011 онд хөхтөн, загас, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, сээр нуруутан амьтдын 689 зүйлийн тархац, ховордлын зэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг улаан дансны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж иржээ. Харин энэ удаад загас, хөхтөн, хоёр нутагтан, мөлхөг чийн 253 зүйлийг үнэлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амьтдын популяцийн төлөв байдал, үзүүлж буй нөлөөлөлд өөрчлөлт гарч, дахин үнэлэх шаардлага зүй ёсоор үүссэн учраас II ботийг бүтээсэн гэнэ.
Байгалийн нөөцийн хамгааллын бодлого, төлөвлөлт боловсруулах, амьтдын ховордлын зэрэглэлийг үнэлэх, жагсаалтыг шинэчлэхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий энэхүү суурь баримт нэн хэрэгцээтэй. Мөн мэдээлэл дутмаг, анхааралд өртөхөөргүй, үнэлэх боломжгүй зүйлийн эзлэх хувь манайд их байгаа тул эдгээр зүйл амьтны суурь судалгаа, мэдээллийг өргөжүүлэхэд цаашид анхаарна гэдгийг салбарын яамнаас мэдээллээ.
М.Гэгээ