АНУ, Израилийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг огцом хурцатгасан үйл явдал болов. Үүний улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амь үрэгдэж, түүний охин, хүргэн болон ойр тойрных нь хүмүүс эндсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яам (ГХЯ)-ныхан шуурхай штаб байгуулан ажиллаж, бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдтэй холбогдон, мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Тодруулбал, Ойрх Дорноын бүс нутагт манай улсын байнга оршин суудаг болон түр хугацаагаар зорчиж буй 371 иргэн байгааг ГХЯ-наас мэдээлсэн. Энэ талаар тус яамныхнаас тодруулахад “Манай улсын иргэд халдлагад өртөж, хохирсон явдал гараагүй. Иргэдтэй Элчин сайдын яам тогтмол холбоотой ажиллаж байгаа” гэв. Ташрамд, тус бүсэд байнга болон түр хугацаанд оршин сууж буй иргэд ГХЯ-тай +976- 72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@ mfa.gov.mn цахим шуудангаар холбогдож, мэдээлэл авч болох нь. Мөн Анкара, Каир, Кувейт, Абу Даби дахь Элчин сайдын яамтай холбогдохыг зөвлөв.
Ч.Цэлмэг