Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар болон салбарын яаманд шаардлага хүргүүлжээ. Салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд албан ёсны гурав, албан бус нэг уулзалт зохион байгуулсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй аж.
Тус холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Бид ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг инфляц болон хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулан 30-аас дээш хувиар нэмэгдүүлэх зэрэг 12 заалт бүхий шаардлага тавьж, хэлэлцээр эхлүүлсэн. Гэвч хөдөлмөрийн зуучлагчаар дамжуулан яаманд хүргүүлсэн албан бичигт ч хариу ирүүлээгүй. Эрчим хүчний яамнаас цалин нэмэх боломжгүйг удаа дараа илэрхийлсэн тул талууд тохиролцоонд хүрээгүй, ажил хаях нөхцөл бүрдээд байна. Иймд манай холбооноос ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдвэрлэхийг Засгийн газар болон салбарын яамнаас шаардаж байна" гэлээ.
Эрчим хүчний салбарынхны 80 орчим хувь нь өндөр хүчдэл, эргэх механизм, өндөр даралт бүхий хүнд, хортой нөхцөлд ажилладаг байна. Хэдийгээр Үндсэн хуулийн 16.4-т иргэн бүр хөдөлмөрийн аюулгүй, ая тухтай нөхцөлөөр хангуулах эрхтэй гэж заасан ч бодит байдалд энэ эрх ноцтой зөрчигдөж байгааг тэд хэллээ. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцод адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил цалин олгох зарчмыг тусгасан ч манай улсын алслагдсан бүс нутагт ажиллаж буй эрчим хүчний салбарынхан сард дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Энэ нь салбарын хэмжээнд хүний нөөцийн дутагдал үүсэх гол шалтгаан болж буй аж. Ташрамд дурдахад, тус холбооныхон “Эр чим хүчний салбарын ажилтнаа сонсъё” зөвлөгөөнийг өнгөрсөн аравдугаар сарын 9-нд зохион байгуулж, төсвийн хуваарилалтыг бусад салбарынхтай харьцуулан шүүмжилж байв. Тухайлбал, энэ оны улсын төсөвт эрчим хүчний салбарт 429.6 тэрбум төгрөг хуваарилсан нь соёлынход төсөвлөсөн 510 тэрбумтай харьцуулахад бага үзүүлэлт болохыг онцолсон юм.
Э.Сондор