УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, " Миний бие Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан. Үүнийг АТГ-т шалгуулахаар ирсэн. 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч байна.
2022 оны 10 дугаар сарын 26-нд өдөр улсын валютын нөөц 2,7 тэрбум болж багассан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар ЭЗХС-аар томилогдоод удаагүй байсан. Засгийн газрын хуралдаан дээр ЭТТ ХХК-иас ачигдаж байгаа нүүрс нь "Бодь" группийнх л түрүүлж зарагдаад байгаа боловч валютын нөөц нэмэгдэхгүй байгаа асуудлыг ухаж гаргаж ирсэн. ҮАБЗ-өөр нууц гэрээ хийж, тендер байхгүйгээр шууд оффтейк гэрээ хийсэн асуудлаар түр хороо байгуулах асуудлыг ярьсан. Ингээд УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг байгуулж ахалсан ч, сүүлдээ зугтаад олдохоо байсан. Ингээд Б.Энхбаяр нүүрсний хулгайтай асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэсэн. Харин сонсгол дээр Бодь групптэй холбоотой асуудлыг огт дурдахгүйгээр нүүрсний сонсгол явсан. Эхэлсэн цэг нь дундаасаа өөрчлөгдөөд явчихсан учраас улс төрийн шахалт байна уу гэхэд үгүй “Надад улс төрийн шахалт байхгүй. Дээд төрөө бодож байна” гэх ухааны зүйл хэлээд өрөөнөөс гараад явсан. Тэр цагаас хойш бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Би Энхбаярт итгэхээ болсон.
Өнөөдрийн улс төрийн томилгоо, цаг хугацаагаар учир тайлагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь интернэшнл" ХХК-ны захирал н.Баясгалангаас 500 мянга, 800 мянга ам.доллар гээд нийт 1.6 сая ам.доллар бэлнээр авсан гэдгийг гэрчүүд надад хэлсэн. Мөн анх “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, Тавантолгой төмөр замаас Бодь интернэшнлийн данс руу валют арилжаа гэдэг гүйлгээ хийгдэж, оройд нь бэлнээр гаргаж аваад зарим мөнгийг хүүхдийн сургууль, заримыг нь саун, зочид буудал болон төрийн тусгай хамгаалалттай газруудад төрийн албан хаагчдад 110 сая ам.долларыг хувааж тараасан байдаг. Уг компанийн ТУЗ-ийн гишүүн нь болох н.Мэргэн уг асуудлаар дарамтад орж байсан бөгөөд надад тухайн үед хэлж байсан. Одоо гарч ирээд үнэнийг хэлэх хэрэгтэй. Энэ мөнгөнөөс 1 сая ам.долларыг нь Т.Аюурсайхан авсан.
Мөн Орано майнингтай холбоотой 300 сая ам.долларын асуудал бий. Б.Энхбаярын хувьд хууль гэж байхгүй. Бас цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж нөхөр рүү шилжүүлсэн асуудал бий. Дээрх их мөнгийг яаж хуваасан болох асуудалд анхаарлаа хандуулж, шалгах хэрэгтэй. Ийм асуудлуудыг шалгуулахаар АТГ-т хүлээлгэж өгч байна" гэх мэдээллийг өглөө.