Боловсролын ерөнхий газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй болон хомсдолтой мэргэжлүүдийг танилцуулав. Засгийн Газраас хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүдийг анх 2023 онд тодорхойлж, түүнээс хойш шинэчлэн гаргасаар иржээ. Үүндээ үндэслэн улсын хөгжилд чухал үүрэгтэй мэргэжлийн чиглэлээр суралцагчдад зээл, тэтгэлэг олгох зэргээр дэмжлэг үзүүлэн хөдөлмөрийн зах зээлийн хоосон орон зайг нөхөх бодлого баримталж байна.
Одоогоор эрэлттэй мэргэжлүүдийг сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн багш тэргүүлж, араас нь ерөнхий боловсролын сургуулийн багш, IoT буюу зүйлсийн интернэт технологич, аялал жуулчлалын менежер, халаалт-агаар сэлгэлтийн кондиционар, сантехникч, хүнс үйлдвэрлэлийн технологич, хоол зүйч, шим судлаач, сэтгэл судлаач жагсжээ. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дэх илүүдэлтэй мэргэжлийн чиглэлүүдийг бизнесийн удирдлага, эрх зүй, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, түүх, нийгэм судлал тэргүүлж буй аж. Их, дээд сургуулиудын элсэлт хаяанд тулж ирээд буй өнөө үед өөрт тохирох эрэлттэй мэргэжлийг эртнээс сонгохыг Боловсролын ерөнхий газрынхан зөвлөсөн. Хэрэв илүүдэлтэйг нь сонговол ажлын байранд ширүүн өрсөлдөөн, шалгууртай нүүр тулна гэдгийг нэмж тодотгов.
О.Ундрах