Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон зарласан. Үүний хүрээнд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагууд иргэдэд зориулсан сургалт, дадлага зохион байгуулсан юм. Мөн хүүхэд бага чуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хамтарсан хичээл, сонирхолтой сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
2026 оны эхний хоёр сард Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд 5178 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах анхан шатны сургалт, дадлагад идэвхтэй хамрагдахыг Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулав.
Монгол Улсын нийт нутгийн 52.6 хувь нь газар хөдлөлтийн маш өндөр, 24.5 нь өндөр эрсдэлтэй бүсэд хамаардаг бол Улаанбаатар хотын 95.3 хувь нь нэн идэвхтэй хэсэгт оршиж байна. Нийслэл орчимд Хустай, Авдар уул, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөнморьт гэсэн идэвхтэй зургаан хагарал бий. Судалгаагаар зөвхөн Хустайн бүсэд газар долоон магнитудын хүчтэй хөдлөхөд орон сууцын барилгын 11, гэр хорооллын 30 орчим хувь сүйрч, 38 мянга гаруй хүн амиа алдах магадлалтай гэсэн тооцоо гарчээ.
Э.Сүйлэн