Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан теле камерын нэгдсэн систем нэвтрүүлж, өнгөрсөн наймдугаар сараас туршсан билээ. Харин энэ оны нэгдүгээр сараас уг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн зөр чилд арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэхүү ухаалаг системийн ачаар замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурч, өдгөө оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан гэв. Мөн өдөр тутамд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зөрчлүүдийг шуурхай мэдээлдэг болжээ.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 650 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа аж. Тэгвэл энэ сарын 23-нд даатгалгүй 25 320, үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 14 307 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг илрүүлсэн байна. Ийм зөрчил байнга бүртгэгддэг. Мөн өдөр тутамд 260-300 орчим тээврийн хэрэгсэл улсын дугааргүй авто замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд үүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 000 төгрөгийн торгууль ногдуулж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн мэдээлсэн.
Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулсны ачаар одоогоор 19 уулзварт цагдаа биечлэн зогсож, хөдөлгөөн зохицуулахаа бүрмөсөн больжээ. Мөн бусад уулзварт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажиллах цаг 38 хувиар багассан байна.
О.Оргилох