Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ УИХын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөрт нь хамаатуулж хийсэн мэдэгдэлд Засгийн газрын индрийг ашиглан тайлбар хийв. Түүний дурдсан нийт долоон нүүрсний оффтейк гэрээ байгаа аж. Эдгээрийг 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 25-ны хооронд хийсэн гэдгийг тэрбээр баримтаар харуулав. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ өөрөө Засгийн газрын ХЭГ-ын дарга, Ерөнхий сайд байсан. Мөн Д.Мөнх-Эрдэнийг нэр бүхий гурван компанид хуулийн зөвлөхөөр ажилласан, мөнгө авсан тухай ярьсныг ч няцаав. “Бодь интернэшнл” компанид ажиллаж байгаагүйг нь Д.Баясгалан өөрөө хэлсэн байна. “Солонго мөнх партнерс” компани нь 2014 оны арваннэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, татан буугдсан. Өмгөөллийн нэгэн компанид Д.Мөнх-Эрдэнэ хувьцаа эзэмшигч байгаагүй гэнэ. Эл компани 2022 оны наймдугаар сарын 30-нд Богд хан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх 11.1 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн. Төслийн нээлтэд нь Ерөнхий сайд байхдаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө оролцож байжээ. Улаанбаатр хотын автозамуудын камерийн мэдээллийг устгаж байна гэсэн ч энэ байгууллага нь Нийслэлийн ЗДТГ-ын харьяанд байдаг аж. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар нь мэддэг гэсэн үг. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ “Энэ мэтээр орон гаран зүйл ярьж байна. Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх илт худал мэдээллээр гүтгэх заалтыг түдгэлзүүлсэн үеийг ашиглан Л.ОюунЭрдэнэ биднийг гүтгэж байна. Өөрийнх нь шалгагдаж буй хэрэг гарах гарцгүй болоод ирмэгц анхаарлыг өөр тийш нь хандуулах гэлээ” гэв. Мөн нүүрсний гэрээнүүдийг энэ Засгийн газар нуух биш, илчилж буйг дурдсан юм. Түүнчлэн Ерөнхий сайд асны мэдэгдэлд “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цагдаагийн алба хагачдын цалингийн үлдэгдлийг уяач Б.Нямжавт шилжүүлсэн” гэсэн аж. Үүнд нь ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав “Миний удирдаж байсан Эм Жи Эл корпорац 2012 онд Лениний музейн барилгын хууль ёсны өмч лөгчтэй түрээсийн гэрээ байгуулж засварын ажил хийсэн. Гэвч 2014 онд уг барилгыг төрийн өмчид авсан учраас үүнд оруулсан хөрөнгөө буцааж авах зорилгоор шүүхэд хандсан. 10 орчим жил маргаан үргэлжилж, 2022 онд зарим хэсгийг нь буцаан авсан. Үүнийг мушгин гуйвууллаа” гэсэн тайлбар хийсэн байна.