Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өчигдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гишүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.
Гэр бүлийг орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжихээс гадна хүн амын өсөлтийг урамшуулах мөнгөн тэтгэмжүүдийг Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж, бие даан зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Эхийн алдар” одонгийн урамшуулал зэрэг нь гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын нэг хэсэг болох гэнэ. Мөн асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнээ сахиж буй хүнд зайнаас ажиллах боломж олгох, бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажлын цагийг богиносгох, хүүхдийнх нь хичээлийн амралттай уялдуулан ээлжийн амралтын хоногийг нэмэгдүүлэх зэрэг хөдөлмөрийн харилцааны уян хатан зохицуулалтыг уг төсөлд тусгасан байна.
Манай улсын хэмжээнд 2024 оны байдлаар 997 мянган өрх бүртгэгдсэнээс гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд таван хувиар өсжээ. Иймд энэхүү шинэ зохицуулалт нь гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлж, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Э.Сондор