Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос (МҮГХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2026” чуулга уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг энэ удаа “Хариуцлагатай хайгуул” сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын ил тод байдлыг хангах, оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болон байгаль орчинд ээлтэй ажиллах, технологийн хөгжлийг нэвтрүүлэхэд анхаарах зорилгоор зохион байгуулж байна. Түүнчлэн энэ жил МҮГХ-ны үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй бөгөөд зураглалын, хайгуулын шилдэг баг, шилдэг ханан болон тайзны илтгэл зэргийг шалгаруулах юм. Мөн олон улсын компаниудын зөвлөх геологичид, захирлууд илтгэл тавих бол Орхон аймаг дахь Эрдэнэтийн хүдрийн дүүргийн шилжилтийн бүс ба Оюутын порфир зэсийн ордын структурын системчилсэн судалгаа, Оюут зэсийн ордын нарийвчилсан хайгуулын үр дүн зэргийг танилцуулах аж. Улмаар структур геологийн онол, практик хосолсон сургалтыг Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, Оюут ордод нөгөөдөр үргэлжлүүлэн хийхийг МҮГХ-ноос мэдээллээ.
С.Дулам