Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг өчигдөр орон даяар эхлүүлэв. Санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулах юм. Эхний шатныхад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцоно. Тэдний 740 нь нийслэл, 830 нь орон нутгийн иргэд байх нь. Хоёрдугаар шат буюу зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 11,12-нд Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд эхний санал асуулгад оролцогчдоос 800 хүн төлөөлөл болж оролцох юм байна. Улмаар “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгаас зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэх аж. Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөж, санал бодлыг нь сонсох нь уг санал асуулгын зорилго юм.