Нийслэлд ажил эхлэх, тарах үед авто зам түгжирч, автобус иргэдийг удаан хүлээлгэхээс гадна ирсэн хэд нь “дүүрэн хүнтэй” гэх шалтгаанаар буудлаас зорчигчдоо суулгахгүй хаяад явах үзэгдэл хавтгайрсан. Дүрэм журмаараа бол нийтийн тээвэр зогсоол бүрд хуваарийн дагуу зогсож хүнээ буулгаж, суулгах ёстой. Гэвч үүнийг мөрдөхгүй байгаа учраас иргэд Нийтийн тээврийн бодлогын газарт энэ талаар гомдол мэдүүлсний дагуу жолооч нарт арга хэмжээ авч эхэлсэн байна.
Нийтийн тээврийн бодлогын газрынхан 7004-4040 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж буйгаа хэлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн “Ч:19А Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв чиглэлийн 16-015 дугаартай автобусны жолооч авто замын III эгнээнээс хүн суулгаж байгааг шүүмжилж, шаардлага тавьсны төлөө хэл амаар доромжилсон” гэх гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчээ. Мөн тус дүүргийн иргэн Б.Болдын “Ч:11 Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон чиглэлийн 19-070 дугаартай автобусны жолооч Офицеруудын ордны автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан” гэсэн гомдлын дагуу шалган шийдвэрлэж, дээрх хуулийн 14.6.9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна.
Үүнтэй адил, хүнээ буулгаж, суулгаагүй гэсэн гомдол сүүлийн хэдэн өдөр Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс цөөнгүй ирүүлсний дагуу зөрчил гаргасан нийтийн тээврийн жолоочид хариуцлага тооцжээ. Иймд иргэдийг ptd.ub.gov.mn цахим хуудсанд болон дээрх утсаар холбогдон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо илгээж, шуурхай шийдвэрлүүлээрэй гэв.
М.Гэгээ