АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026 оны эхний хоёр сард 518 мянган тонн бүтээгдэхүүн захиалж авсан. Гуравдугаар сард 181 мянган тонн нефть бүтээгдэхүүн захиалсан. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Үнэ, хангамжийн зөвлөлийг өчигдөр хуралдуулж, тодорхой зөвлөмжийг хүргэсэн. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргэе. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх хил үнийг ирүүлсэн. Өмнө нь хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ-92 энгийн шатахууныг 705 ам.доллар, Евро-5 дизелийг тонн тутамд 1206 ам.доллар, АИ-95-ыг 1176 ам.доллар, АИ-98-ыг 1226 ам.доллар, энгийн дизель түлшийг 1385 ам.доллар, Евро дизелийг 1410 ам.долларын хил үнийг тогтоосон.
Үүнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж дараах зөвлөмжийг гаргасан. Тухайлбал, Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн. Шатахууны үнийг огцом өөрчлөлт хийхгүйгээр шат дараатай нэмнэ. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолол гарсан. Гуравдугаар сард дизелийн түлш 54 ам.доллароор, автобензин 30 ам.доллароор нэмэгдсэн ирсэн. Бид өмнө нь нөөц бүрдүүлсэн тул үнэ нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Хангамж бол тасалдахгүй нийлүүлэгдэнэ.
Олон улсад шатахууны хомсдолүүссэнтэй холбоотойгоор хурдны замын хязгаарлалт, төрийн зохицуулалтай газруудад татаас олгох, ард иргэддээ хэрэглээндээ анхаарах уриалга хүргүүлж байна. Мөн зайнаас ажиллах боломжтой хүмүүсийг долоо хоногт 3 удаа зайнаас ажиллах зэрэг аргыг хэрэгжүүлж байна” гэлээ.