Эрчим хүчний салбарт 2026-2028 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд тарифын огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. Үүнээс 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 тэрбумыг ирэх жил, үлдсэнийг нь 2028 онд олгохоор болсныг Сангийн сайд мэдэгдэв. Мөн тус салбарын 27 үйлдвэр, компанийн давхардсан чиг үүргийн орон тооны цалингийн зардлаас 24 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан аж.
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн шуурхай хуралдаанд оролцсон 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж буйгаа мэдээлсэн байна. 2024 онд эрчим хүчний компаниуд 130 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол өнгөрсөн жил энэ тоо 190 тэрбумд хүрчээ. Цахилгааны үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагийн улмаас хөрөнгө мөнгөний дутагдалд орж, бэлтгэн нийлүүлэгчдэд өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжгүйн дээр үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бодитоор нүүрлэснийг салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зүгээс танилцуулжээ. Даарин дээр давс гэгчээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ч яамтайгаа тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй тул ажил хаях эрсдэлтэй нөхцөл үүссэн. Одоогоор эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинд 550 тэрбум төгрөг зарцуулж буй бол 30 хувиар нэмэгдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай юм.
Г.Сансар