Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн төслийн байршилд ажиллажээ. Тус компанийнхан “Өгөөмөр” захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууц барьж байгаа. Төслийн сүүлийн буюу V ээлжийн орон сууцын барилга угсралт эхэлсэнтэй холбоотойгоор зэргэлдээх 91А байрны иргэдээс “Орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж, иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байна” гэх зэрэг гомдол ирүүлсэн аж. Үүний дагуу холбогдох албаныхан хяналт шалгалт хийхэд тус компанийнхан барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон байна. Иймд “Цагаан хуаран консалтинг”-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг, даалгавар өгчээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бага, дунд, өндөр төвөгшилтэй нийт 616 барилгын угсралтын ажил явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хууль, тогтоомжийн дагуу бүтээн байгуулалтаа эхлүүлж, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөе” гэлээ.
О.Оргилох