Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй чүүдийн дунд шим тэжээлийн дутагдал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
Энэ талаар тус төвийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Э.Пүрэвсүрэн дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Бичил шим тэжээл (амин дэм, эрдэс бодис) нь эхийн биеийн нөхөн төлжилт болон ургийн тархи, эрхтэн тогтолцооны хөгжилд суурь болдог. Жирэмсэн эмэгтэйчүүд ядраад байгаа шинж тэмдгээ сайн анзаарч үзэх хэрэгтэй. Бичил шим тэжээл, төмрийн дутагдлаас болж ядарч сульддаг. Цус багадалтаас үүдэж арьсны өнгө цайвар байх, хумс хэврэгших шинж илэрч болно. Иймд эмчийн хяналтад аль болох эрт орж, шинжилгээ, үзлэгтээ хамрагдан, нэмэлт бэлдмэл хэрэглэх нь зовуурийг багасгадаг. Ийм эхийн хүүхэд төмрийн нөөц агууламжгүй төрдөг байна. Нярай эхний зургаан сард эхийн сүүгээр дагнан хооллодог. Энэ үедээ хүүхэд ээжээсээ нөөцөлсөн төмрөө ашиглаж байдаг. Хэрэв хүүхдэд төмөр дутагдвал танин мэдэхүйн хоцрогдол, анхаарал дутмагшил, ядрах сульдах, өсөлтийн хоцрогдол илэрч эхэлдэг. Хоолны хэмжээнээс илүү чанар чухал. Хүнсний олон нэр, төрлийн ногоо сонгох нь бичил тэжээлийн дутагдлаас сэргийлнэ” гэв.
Шим тэжээлийн дутагдал нь далд хэлбэртэй бөгөөд эхэн үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй ч өвчний суурь болдог аж. Өөрөөр хэлбэл, өвчлөмтгий болох, ядрах зэргээр илэрдэг аж. Дээр дурдсанчлан цус багадалтай эхээс төмрийн дутагдалтай хүүхэд төрвөл илүү өвчлөмтгий байдаг гэнэ. Иодын дутагдалтай ээжээс мөн тийм хүүхэд төрөх эрсдэлтэй. Иодийн дутагдал нь биеийн хөгжил, оюун ухаан, танин мэдэхүйн хоцрогдолд хүргэдэг аж. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байсан ч эхний гурван сардаа багтаж заавал эмчийн хяналтад орох, шинжилгээ, үзлэгтээ хамрагдаж, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үнэ төлбөргүй олгодог бичил тэжээлийн бэлдмэл авч хэрэглэхийг эмч зөвлөв.
Ч.Болор