Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл тус замын санхүүжилт бүрэн шийдэгдсэн бөгөөд доод бүтцийнх нь газар шорооны ажлын явц 96.2, гүүр хоолойн байгуулалт 92 хувьд хүрч, ирэх улиралд ашиглалтад оруулах боломжтой болсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр шатахуун болон тэсэрч дэлбэрэх аюултай 34 нэр, төрлийн ачааг Улаанбаатар хотоор нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх аж. Мөн эхний жилд 3.5, цаашид жил бүр өсөх байдлаар 20 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэж, хоногт дунджаар том оврын 316-1800 автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болох гэнэ.
Ташрамд, улсын төсөв, гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн 952.3 тэрбум төгрөгөөр авто замын нийт 107 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүнд Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам багтсаныг ЗТЯ-наас дурдлаа.
С.Дулам