Цаг уур, орчны шинжилгээний газраас усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг томоохон мөрөн, голуудад үе шаттай суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлжээ. Төхөөрөмжийг гол, мөрөн дэх ус судлалын харуулуудад байршуулан, усны түвшнийг автоматаар хянаж, үерийн эрсдэлийг бодит цагт хянаж, үнэлж байгаа аж. Хамгийн сүүлд Хэрлэн голд уг багажийг суурилуулаад буй юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр, Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 загварын энэхүү төхөөрөмжийг нийт 17 байршилд буюу Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ, Дэлгэрмөрөн, Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Ховд, Сэлэнгэ мөрөнд суурилуулах аж. Ингэснээр эдгээр голын усны түвшин, нөөц, үерийн эрсдэл, урсгалын хурдыг таван минут тутамд хэмжиж, төв сүлжээнд мэдээлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн.
Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, -40-өөс +60 хэмд хэвийн ажиллах RQ-30 төхөөрөмжийг нэвтрүүлэх программ хангамжийн сургалтад ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын мэргэжилтнүүдийг хамруулж дууссан бөгөөд гамшгийн эрсдэлээс ард иргэдийг хамгаалахад энэхүү автомат багаж үлэмж ач холбогдолтой.
О.Оргилох