Мэдээллийн технологийн үндэсний паркийн (МТҮП) үйл ажиллагаа зогсох эрсдэлд орсон талаар өчигдөр гүйцэтгэх захирал Ж.Золзаяа нь мэдээлэв. Тэрбээр “Өргөө-2 кино театрт түрээслүүлж байсан төрийн өмчийн талбайг хуулийн дагуу МТҮП буцаан авсан. Шүүхийн явцад тус кино театрыг тохижуулахад зарцуулсан 5.4 тэрбум орчим төгрөгийг нэхэмжилсэн ч бид 791 сая болтол бууруулсан. Гэтэл уг нэхэмжлэлийг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар байгууллагын дансыг битүүмжилж, ажил хийх аргагүй болголоо. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг доголдуулж, шахалтад оруулж, татан буулгуулах оролдлого мөн.
Бид “Өргөө2”-т сард 16 сая төгрөгөөр түрээсэлж байсан талбайг засварлан сард 100 орчим сая төгрөгийн орлого олох боломж бүрдүүлсэн. Тиймээс цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг хангах, дансны битүүмжлэлийг цуцлах болон ажилчдын цалин, урсгал зардлыг бүрдүүлэхэд анхаарч өгнө үү хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон холбогдох бусад байгууллагад нь хандаж байна” гэлээ. Түүнчлэн МТҮПийн статусыг өөрчлөх, технологийн төв болгон хөгжүүлэх, бие даасан байдлаар ажиллуулбал олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжих, энтрепренер залуусыг бэлтгэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтойг Ж.Золзаяа хэлэв.