“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн нэгжийнхэн хөрөнгө оруулагч тал болох Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойманаар ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дараагийн шатны хамтын ажиллагаагаа хэлэлцжээ. Тодруулбал, “Ухаалаг засаг-2” төслийн хөрөнгө оруулалтыг хаана илүүтэй төвлөрүүлэх талаар санал солилцсоны дүнд орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг сайжруулахад чиглүүлэхээр болсноо мэдээлэв.
Хөдөө, орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, өгөгдлийн дэд бүтэц, тооцоолол болон хиймэл оюуны хэрэглээний чиглэлээр судалгаа, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх юм байна. Ташрамд, төслийн хүрээнд тус банкны зөвлөх Ян Ван Реес орон нутгийн харилцаа холбооны өнөөгийн нөхцөл байдалтай танилцах тав хоногийн албан айлчлал хийхээр болжээ.
О.Оргилох