Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Тухайлбал, VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII, VIII сард ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
Ирэх сард хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. Мөн долоодугаар сард дээрх газруудад хур тунадас дунджаас бага байх нь. Харин наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутагт дунджаас дулаан. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарчээ. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байх тул болзошгүй ой, хээрийн түймэр, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Ч.Туяа