Сүүлийн гурван жилд барилгын салбарын осол огцом нэмэгджээ. Тодруулбал, барилга, үйлдвэрлэлийн салбарт 2023 онд нийт 28 осол бүртгэгдсэн бол 2024 онд эл үзүүлэлт 67 болж, 239 хувиар нэмэгдсэн байна. Мөн 69 ажилтан осолд өртөж, эл дүн гурван хувиар өсжээ. Энэ нь нийт үйлдвэрлэлийн ослын есөн хувийг эзэлж байгаа аж.
100 000 хүнд ногдох үзүүлэлтээр ослын тоо 2023 онд 34 байсан бол 2024 онд 72-т хүрсэн байна. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр түвшин гэнэ. Тэгвэл 2025 онд 68 болж, бага зэрэг буурсан ч энэ нь хангалтгүй гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхөн хэлсэн. Осолд өртөгсдийг хүйсээр нь авч үзвэл олонх нь буюу 90 гаруй хувь нь эрэгтэй. Уг статистик нь ажлын байрны эрсдэл, аюулгүй ажиллагааны хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж буй юм.
Түүнчлэн өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослоор нийт 73 хүн нас барж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 2046 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд ийн олноор өртөх болжээ. Тэр дундаа барилгын салбарын осол огцом нэмэгдсэн тул ажил олгогчид хуульд заасны дагуу ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөхийг албаныхан сануулав.
О.Ундрах