Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчигдрийн хуралдаанаар баталлаа. Үүний хүрээнд үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах талаар салбарын сайдад үүрэг өгчээ. Мөн үр ашгийг нэмэгдүүлэн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүл гэсэн байна. Компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, засаглалыг нь сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг Б.Найдалаа сайд хүлээж буй аж.
Мөн эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давахын тулд зарим станцыг ашиглалтад оруулах нь. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд барьж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар “шахах” нь. Түүнчлэн эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх гэнэ.
С.Уул