“Монголын эмнести интернэшнл” болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр нээлттэй уулзалт зохион байгуулжээ. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хү ний эрхийг хүндэтгэн хамгаалах, Сэлбэ, Баянхошуу дэд төв зэрэг төслийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байлгах, бүтээн байгуулалтын шатанд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарах талаар санал солилцов. Мөн шударга бус татвар, төсвийн хэмнэлтийн бодлогоос үүсэж буй ялгаварлан гадуурхалтыг арилгах, барилгын салбарын бодлогын хэрэгжилтэд хүний эрхийн мэдрэмжтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд сургагч багш бэлдэх зэрэгт хамтарч ажиллах гэнэ.
Энэ тухай “Монголын эмнести интернэшнл” байгууллагын кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа “Орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зэрэг бодлого, шийдвэрийг зөвхөн эдийн засгийн тооцоогоор бус, хүний эрхийн өнцгөөс харж чадвал илүү шударга, тогтвортой ирээдүйг бүтээх боломжтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт ердөө 3-10 хувьтай байна. Дахин төлөвлөлт бол зөвхөн барилга нураах тухай ойлголт биш. Иргэдийн орон байртай байх эрх, амьжиргаа, аюулгүй байдлын тухай асуудал. Иймд хуулийн хамгаалалтыг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай. Орон сууц дахин төлөвлөлтийн зөвшилцөлд хүрээгүй иргэдийг “хөгжлийн тушаа” гэж буруутгахаас л хүний эрхийн зөрчил эхэлдэг. Огт зөвшилцөхгүйгээр, гэрээ байгуулалгүйгээр газрыг нь тэгшилж, барилга барьдаг гашуун түүх давтагдсаар байна” гэв.