“Нийслэлийн төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, 2026 оны төсвийн тодотголоор нийт зардал нь6.5 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөсөн байна. Хотын төсөв эрчимтэй тэлж, улсын нийт төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрлээ. Энэ их мөнгөний зарцуулалт үр ашиггүй, төслүүд амжилтгүй болсон тохиолдолд зээлийн эргэн төлөлт болон батлан даалтын асуудал улсын төсөвт хүнд дарамт учруулж, эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй. Иймд нийслэлийн төсвөөр хяналтын сонсгол хийх шаардлагатай байна. Үүнийг дэмжиж, УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргад өргөн барина” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдэгдсэн. Гэвч эл асуудал хэрхсэн ньтодорхойгүй өнгөрсөн юм.
Тэгвэл иргэн Б.Мөнгөнхишиг d.parliament.mn буюу нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан нийслэлийн төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр “Үндсэн хууль, Нийтийн сонсголын тухай хууль, УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуульд тулгуурлан Улаанбаатар хотын 2024, 2025, 2026 оны төсвийн хяналтын сонсгол хийх шаардлага үүсээд буй. Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв эрчимтэй өсөж, 2016- 2018 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2025 онд зургаан их наяд төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төсөлдасар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа тул ил тод, үр дүнд суурилсан төсвийн хяналт зайлшгүй хэрэгтэй” хэмээн тайлбартаа бичжээ. Цахим өргөдлийг өчигдөр 11.30 цагт нээж, ирэх зургаадугаар сарын 11-ний 11.30 цагт хаах бөгөөд 70 000 хүний гарын үсэг цуглуулах юм.
Ч.Цэлмэг