Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2015 оны БАЛДОРЖ шагналын гран приг “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” нийтлэлээрээ хүртсэн юм.
Үүр дөнгөж хаяарч байхад Асгатын уулын баруун мөрөөр урагш даван давхилаа. Хол ойрын бараа харагдахгүй, бүрэнхий. Тэртээд гурван машины гэрэл тод харагдаж байв. Хоорондоо сүлжилдэн давхиад байгаа бололтой харагдав. Гэтэл хамт явсан жолооч ах “За нөгөө хэдэн цагаан зээрийг чинь хядаж байна даа. Гурван талаас нь шахаж байгаад л буудаж буй бололтой” гэдэг юм байна. Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү сайтар харлаа. Үнэхээр л ямар нэгэн амьтан хөөгөөд байгаа нь тодорхой болов. Жолоочтойгоо ярилцаад зээр агнаж байгаа хүмүүстэй уулзахаар хурдаа нэмэн давхилаа. Тэгсэн зээрийн ан хийж байсан машинууд гурван тийшээ гараад давхичихдаг юм байна. Бүр машиныхаа гэрлийг унтраачхаад зугтааж гарлаа.
Биднийг хууль хяналтынхан шалгалтаар явж байна гэж андуурсан бололтой. Араас нь хөөвөл өөдөөс буудаж магадгүй гэж жолооч хэлсэн болохоор араас нь явалгүй хоцорлоо. Машины мөрийг үзэхэд хүнд даацын давхар дугуйтай автомашин байв. Цагаан зээр агнаж байсан газарт очлоо. Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж.
Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, суманд шүүрэн шанага болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй. Мөн гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа, аниргүйхэн шаргал талд тэрийн хадан унаад бүлээн амьсгалаа татаж байгаа улаан алаг зээрүүд тийчилнэ. Эмгэнэлтэй хувь тавилан гэдэг энэ буюу.
Автомат буугаар хэдэн талаас нь шүршчихжээ. Цагаан зээр машины гэрэлд орохоороо тунгалаг хар нүд нь эргэлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй аж. Гэрлээс огт гарахгүй. Машины хурдны аясаар туулган явдаг гэсэн. Бууны суманд оногдоогүй зээрийн сүрэг хэдийн баруун урд зүгийг чиглэн цахилжээ. Зүүн аймгуудын нутгаар цагаан зээрийн ан хууль хяналтынханд дийлдэхгүй болчихсон гэх мэдээллийг аваад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн бид Дарьганга сумын хойхно талд явж байгаад үй олноороо хядуулсан зээрийн сүрэгтэй ийн таараад буй минь энэ. Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодод аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 1 хүртэл хоёр сарын хугацаатай цагаан зээрийн хууль бус антай тэмцэх аян эхлүүлсэн байна. Цагдаа, мэргэжлийн хяналтынхан хамтраад хөдөө орон нутгаар явсан гэх мэдээлэл бий. Цагаан зээр агнаад баригдсан 70 гарсан өвгөнөөс эхлээд хэд хэдэн хүнд торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг нутгийн иргэд ярьж байв. Гэхдээ хууль хяналтынхан хоногийнхоо хоолыг залгуулахын төлөө хоёр зээр унагачихсан хэдэн хүнд л арга хэмжээ авсан байх юм. Харин үй олноор нь хүйс тэмтэрч байгаа нэг ч хүнийг барьж чадаагүй гэнэ.
Цагаан зээрийн хядлага болсон газраас урагш хөдөлж, замгүй давхилаа. Унаж яваа машинд саатах юм үнэндээ алга. Жалга гуу, чулуу, хад огт байхгүй. Зөвхөн зах хязгааргүй шаргал, хялганын толгой салхинд сэрвэгнэх юм. Ийн явж байтал дахиад л зээр унасан газарт яваад очдог юм байна. Дөрөө шүргэм өвсний толгойд цагаан зээрийн цус үсэрч хөлджээ. Цусны дусал бөнжийж хөлдөөд хялганын толгой бөхийсөн байв. Энэ жил туранхай орсон болов уу гэмээр шаргачингийн толгой дээгүүр машины дугуй гарчихжээ. Машинд дайруулсан зээрийн толгой, нүд нь бяцарсан харагдана. Тэрүүхэн цаахна мөн л нэг бага насны болов уу гэмээр жижигхэн биетэй зээр гэлжийн хэвтэж байлаа. Жолооч харснаа “Цагаан зээрийн эр шүдлэнг цэнхэр ооно, эмийг нь зусаг шаргачин гэдэг юм. Зусаг шаргачинг буудаж унагаад хүзүүг нь хуга дарчихсан байна” гэлээ. Түүний хэлж буйгаар буудаж шархдуулаад газарт унахаар нь ан хийж яваа залуусын хэн нэг нь бууж гүйж очоод толгойноос нь барьж байгаад хүзүүг нь нужигнатал нь хуга дарчихдаг юм байна. Ингээд үхэж гүйцээгүй байхад нь машиныхаа тэвшин дээр чулуудчихаад дараагийнхаа зээр лүү гүйдэг гэсэн. Зусаг шаргачингийн хүзүүг хуга дарчхаад орхиод явсан нь тарга тэвээрэг муу учир голжээ.
“МУУСАЙН ӨГӨР ЦАГААН ЗЭЭРИЙГ БҮГДИЙГ НЬ БУУДВАЛ ТААРНА”
Асгатын ууланд хэдэн машин зогсож байлаа. Нар дөнгөж мандаж байгаа энэ үед талын цагаан чоно гүйдэг цаг. Унтлагандаа явах цаг юм гэнэ. Улсын дугаараа авчихсан машинтай хүмүүс зогсож байх юм. Тэд сүүлийн үеийн дурантай вейпер, сайга зэрэг шпомат буу зэвсэг агссан байлаа. Хотоос хийморио сэргээж чоно агнахаар ирцгээсэн гэнэ. Хэдэн тийшээ дуран тавиад байх юм. “Аз нь байвал талын цагаан чоно авлаад буцна даа. Түрүүнд гурван чоно авлачихсан хүмүүс явж байна лээ. Тэд хийморьтой байна лээ шүү” хэмээн ярих ажээ.
Өнөө жил Сүхбаатар аймгийн зүүн сумуудын нутаг намаржин түймэрт шатаад үнсэн нурам болсон байна. Уг нь цагаан зээрийн нутаг. Дөрөө шүргэм өндөр ургасан хялгана найгасан шаргал талд цагаан зээр өвөлждөг. Анхны цас орсон халуун намраар журайтал гүйлдсээр Асгат, Эрдэнэцагааны нутагт ирж тогтдог байжээ. Зээрийн бүс нутагт гал гарснаас үүдэн энэ жил цагаан зээр Сүхбаатар аймгийн баруун урд сумуудын нутаг руу хэд хоногийн дотор нүүгээд очжээ. Уг нь Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Халзан сумын нутгийг дамнаад тогтсон гэнэ. Гэтэл цагаан зээрийн ан чид элдэж хөөсөөр Дарьганга, Наран сумын нутаг хилийн зурвас руу элдэж буй юм байна. Араас нь үргээж, хөөгөөд л пижигнэтэл буудаад байгаа аж.
Ингээд нутгийн айлуудаар орлоо. Орсон айл болгоны тогоонд зээрийн мах пор пор хийн буцалж байх юм. Гэрийн эзэгтэй тогооноос уур савсуулсан цагаан зээрийн мах хөнгөн цагаан түмпэнд гаргаад бидэнд өгөх. Энэ жил цаг агаар дулаахан, бас морь тушихаар цас эрт орчихсон болохоор цагаан зээр тарганаараа байгаа юм. Өдий цагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх бүгд цагаан зээрийн мах иддэг. Хэд хэдээр нь буудчихаад л гулууз махыг нь жиргэчхээд чанах, эсвэл бууз, хуушуур хийдэг байна. Харин хажуу айл нь цагаан зээрийн махаар түрж хийсэн гурилтай шөл хийсэн сураг дуулдав. Гэрийн эздээс цагаан зээрийн ангийн талаар асуулаа. Тэгсэн өөдөөс “Муусайн өгөр цагаан зээрийг бүгдийг нь буудаж алж байвал таарна. Хамаг бэлчээр юу ч үгүй хуйхалчихсан юм шиг идчихнэ. Бас малд өвчин тараагаад лай болно. Ер нь цагаан зээр хэнд ч хэрэггүй амьтан. Хотоос хүмүүс ирчихсэн буудаж л байдаг юм” гээд цагаан зээрийг их ад үзсэн байдалтай ярьж байлаа. Ер нь нутгийн малчид бүгд цагаан зээрийг үнэн сэтгэлээсээ үзэн ядна. “Цагаан зээрийг хядаад байгаарай. Хурдан дуусаасай” гэнэ. Бүр хотоос цагаан зээрийн мах худалдаж авах сонирхолтой хүмүүст “Манай нутагт цагаан зээр ирээд хэдийг бол хэдийг аваад яв” гэж хэл өгч дууддаг байна. Хөдөөний айл болгоны жижиг гэрт зээрийн мах байх. Бүр гэрээ зээрийн гулууз махаар дүүргэчихсэн айл ч бий. Зээрийн махыг цагаан cap хүртэл идээд, цагаан сарын дараа өвлийнхөө идшийг иддэг байна. Долоодугаар сард шинэ гарсан ногоонд зээр цадаад махлаад ирэхээр мөн л буудаж эхэлдэг гэсэн.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД, ЦЭРЭГ, ХОРИХ АНГИЙНХАН ЦАГААН ЗЭЭР ХЯДСАН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ГЭВ
Дарьганга сумын нэгэн малчин бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сонин дээр гарчихвал цагдаа нар ирээд хэн, хэн, хаана явсан гэж байцаагаад амар заяа үзүүлэхгүй. Бүр сүүлдээ зээрийн мах худалдаалдаг сүлжээтэй холбоотой гэж хардаж сэрдээд унадаг” гээд нэрээ нууцлахыг хүсэв. Бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.
Танай энүүгээр цагаан зээрийн ан хэр байна даа? -Цагаан зээрийг үй олноор л буудаж байна шүү дээ. Шөнө, өдөргүй л бууддаг. Дуртай нь ирээд машин дүүрэн цагаан зээр овоолж аваад л явчихаж байна. Би уг нь цагаан зээрийг хамгаалах юм сан гэж их бодож явдаг хүн. Өнгөрсөн жил цагдаад зээрийн ангийн талаар хэлсэн. Бөөн юм болж, сүүлдээ мэдээлэл өгснөөсөө болоод буруудаж эхэлсэн. Одоо бол ямар ч хэл чимээгүй, зээр буудаж байсан ч нүдээ аниад хараагүй юм шиг л явдаг болсон. Манай нутагт сүүлийн хэдэн жил цагаан зээрийг ёстой дуусгаж байна. Газар давлагаалж хөндий талыг бүрхэн сүргээрээ явдаг зээр одоо байхгүй болчихсон. Олноороо гэхэд мянга хүрч байгаа юм уу, үгүй юу тоотой л явж байна. Цэрэг, хорих ангийнхан, уул уурхайн компаниуд л зээрийн махыг хоол, хүнсэндээ хэрэглэж байна. 50-иар агнах зөвшөөрөл авчхаад л 200-300 зээр агнаад явчихдаг. АК-гаар шөнөжин буудаад өглөө эрт яваад өгчихдөг. Хэн ч цагаан зээр агнаж байгаа хүмүүс дээр очиж “Боль” гэж хэлэхгүй.
-Та төрийн байгууллага цагаан зээрийн мах иддэг гэж байна. Хоол, хүнсэндээ цагаан зээр хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ?
-Үгүй ээ. Хуучин цагт хамаа замбараагүй цагаан зээр агнадаг байсан бол одоо арай цэгцэндээ орсон. Гэхдээ бүгд зээрийн мах хоолондоо хэрэглэдэг хэвээрээ. Ногоон бүрхүүлтэй “Зил 131” маркийн автомашинтай хэдэн цэрэг ирээд л хядчихаж байна шүү дээ. Хорих ангиудын албан хаагч нар биднээс ирээд цагаан зээр хаагуур их байгааг асуугаад л явдаг. Өчигдөр хоёр машин ирсэн. Уул уурхайн компаниуд ч ялгаа байхгүй. Ажилчдынхаа хоолыг зээрийн махаар намартаа хангаж байна. Уг нь зээр агнаж болохгүй. Нэг зээр агнавал 1.3 сая төгрөгөөр торгуулна гээд байгаа. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Шөнөөр л яваад үз, энд тэндгүй машинаар зээр агнана. Харин ойртож очиж болохгүй шүү. Бууны тэнэсэн суманд оногдож магадгүй.
-Нутгийн малчид цагаан зээрийг их ад үзэх юм аа. Шүлхий өвчин гараад байгаатай холбоотой юм уу?
-Зээр үнэндээ ямар ч гэм хоргүй амьтан юм шүү дээ. Бусад амьтан шиг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малчны хотонд ороод хонь малыг нь идээд байхгүй. Шүлхий өвчин тараалаа гээд ад үзээд байгаа юм. Үүн шиг худлаа юм байхгүй. Үнэхээр л зээр шүлхий өвчин тараагаад байгаа бол бүх зээр шүлхий тусаад үхчихдэг юм байгаа биз дээ. Мал малаасаа л шүлхий өвчин тусдаг байхгүй юу. Зээр малд өвчин халдаадаг амьтан биш гэв. Бид буусан айлаасаа хөдлөөд баруун энгэр дээр гартал өглөөний чоно авлахаар ирсэн хоёр “Жийп”-тэй залуус зээр элдэж байлаа. Яагаад гэнэт зээр лүү буу шагайх болсныг асуухаар хөдөллөө. Тэд сүргийн манлай цэгц буюу хондлой нь ховилтсон оонын араас элдэхэд “Сайга” буугаар буудах тачигнасан чимээ гарсаар байлаа.
ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ
Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн шаргал тал нутагт үнэндээ цагаан зээрийн цусан мөр татуулсан их хядлага болж байна лээ. Хэн ч цагаан зээрийг өмөөрч хамгаалдаггүй болохоор дуртай нь АК-гаар шүршчихэж байна. Зээр хядаж байгаа хүмүүст амьтныг хайрлах энэрэх гэсэн ойлголт огт алга. Уусан архиндаа халамцаж, улаан зээрд болсон яахаас ч буцахааргүй дүр төрхтэй хэдэн нөхөд хуульгүй юм шиг л аашилж байна, зүүн аймгуудад. Хууль хяналтынхан дур зоргоороо аашилж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг өрөөндөө шигдэн, бичиг цаастай зууралдан сууж байна. Хараа гүйцэмгүй тал нутагт мотоцикльтой, машинтай, хүнд даацын тэрэгтэй хүмүүс энд тэндгүй л зээр хядаж байлаа. Биднээс холгүйхэн өглөө эрт чоно авлахаар хотоос ирсэн, гадна төрх байдлыг харахад томоохон албан тушаал хашдаг болов уу гэмээр арав гаруй залуу цагаан зээрийг буудаж байхтай нь таарсан юм. Сүрэг цагаан зээрийг хуйлруулан элдэж, араас нь автомат буугаар шүршиж байна. Биднийг ирэх бараанаар зээрийн аллагаа ашгүй зогсоолоо. Тэднээс “Цагаан чоно таарсан уу” гэж асуулаа. Хэн нэг нь “Нэг ч харагдсангүй. Маргааш өглөө дахиад нэг үзнэ дээ. Ядаж нэгийг унагах байлгүй” гэж хариулав. “Зээрийн махны хэрэг гараа юу” гээд дахиад л яриа өдвөл тэд өөдөөс шоолсон байдалтайгаар инээлдэж “Цагаан зээрийн махаар ч яах вэ дээ. Иддэг нь л иддэг юм байгаа биз. Бууныхаа цэцийг үзэж байна” гэлээ. Тэд чоно авлаж чадаагүй уураа ямар ч гэм зэмгүй цагаан зээрт гаргаж байгаа нь энэ аж. Махыг нь идэхгүй мөртлөө зугаагаа гаргаж хайр найргүй суман бороо оруулж байлаа. Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн аллагаа үргэлжлүүлэхээр хөдөллөө. Тун удалгүй амьсгаагаа дарж амжаагүй зээрийн сүргийг бужигнуулаад автомат буугаа тачигнуулж гарлаа. Аавтайгаа хамт яваа арав гаруй насны хүү машиныхаа лүүкийг онгойлгочихсон шүршээд байх. Бууны суманд оногдсон зээр тэрий хадан хамраараа газар шаан унаад тэр хавийн цас, өвс цусанд будагдах ажээ. Тэр хүүгийн нүдэнд бууны суманд оногдон унах цустайгаа холилдсон цагаан зээрийг харах үнэхээр бахдалтай байгаа бололтой. Хүүд амьтныг хайрлах энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь харамсалтай. Түүнд “Цагаан зээр ч амьтан, хүн ч гэсэн амьтан. Бурхан, байгаль хоёр наад цагаан зээрийг чинь сая сая жилээр бий болгосоор өдий зэрэгт хүргэсэн юм шүү” гэж хэлмээр санагдаж байлаа. Зугаагаа гаргасан машинтай нөхөд төд удалгүй давхиад явчихлаа. Аавынхаа мөнгөнд эрхэлсэн хүү PC тоглоомын restal ертөнц дэх дайсны талаа устгаж байгаа юм шиг амьтны амиар хайр найргүй тоглов. Restal ертөнц дэх тоглоом шигээ санаж огт цус гаргахгүй, хэнд ч гэм хор болохгүй юм шиг л ойлгож байна уу гэлтэй хүйс тэмтэрчхээд, юу ч болоогүй юм шиг давхин одлоо. Тэдний зугаанд 20 гаруй зээр буудуулжээ. Суманд оногдсон ч үхлийн шарх авалгүй давхин одсон хэдэн зээр байгааг мэдэх аргагүй. Баруун хойд хөлөө хуга буудуулсан зээр хөлөө санжгануулан сүргийнхээ араас одох. Харин урд хоёр хөлөө тас буудуулсан зээр мухар болсон хөлөө урьдынх шигээ гишгүүлэх гэж үзээд газар шаан унахыг харах өр зүрх өмөрнө. Цээжиндээ буудуулсан цагаан зээрийн цус тунарч, бүртийх ч үүлгүй хөх тэнгэр өөд ширтсэн чигтээ сүүлчийн амьсгал татжээ. Гуя, хондлойдоо буудуулаад цус нь цавиа дагаад урсчихсан, шархаа дааж ядан зогсох, хэлээ унжуулаад хэвтчихсэн гээд их хядлагад өртсөн зээрийн сүрэг хөндий талд дахин өндийхөөргүйгээр хоцорлоо. Бууны сум тачигнаж, хүний хашгиран гуагчих дуу хадаж байсан тал нутаг юу болов гэмээр нам гүм боллоо.
АМЬДААР НЬ ГЭДСИЙГ НЬ ХҮҮ ТАТАЖ, ТОЛГОЙГ НЬ ТАСДАВ
Баруун хойноос зээр агнахыг дурандаж байсан хүмүүс машинаа асаагаад давхиад ирлээ. Тэрбээр буудуулсан зээрийг машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, биднийг зорин ирэв. Тэгээд “Аймгийн төв оруулж, зээрийн махны ченжид 20 мянган төгрөгөөр өгч, шатахууны мөнгөтэй болох тухайгаа инээд алдан ярив. Биднийг ийн ярилцаж байтал түүнтэй хамт явсан хоёр залуу урд хөлөө тac буудуулж шилбэнийхээ ясаар газар гишгэлэн догонцож явсан эээрийн араас гүйж очоод хүзүүг нь нужигнатал хуга дарлаа. Дутуу үхэн татганаж байхад нь дээш өргөлөө. Тэгсэн бидэнтэй хамт эогсож байсан нөхөр гутлынхаа түрийнээс хутга суга татан гүйж очоод өвчүүний бүдэрхийнээс цавийг нь хүртэл хүү татав. Гэдэс цус, эд эрхтэн нь гоожиход өргөж зогссон хоёр хэд хэд сэгсрээд цас руу чулуудчихав. Тэгснээ дөрвөн хөл, толгойг нь яах ийхийн зуургүй тасдаад машиныхаа тэвшин дээр шидчихлээ. Гэдсээ хүү татуулж толгойгоо тасдуулсан зээрийн дутуу үхсэн бие татганахыг нүд халтираад харж чадсангүй. Цагаан зээрийг дутуу буудаад ингэж л зэрлэгээр аминд нь хүрдэг юм байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт буугүй айл ховор юм. АК буугаар бүрэн зэвсэглэсэн хүмүүс олон. Орсон айл болгон л орон доороосоо АК, Винтов, Калибр буу гаргаад ирнэ. Зүүн аймгуудад цэргийн анги олонтой, Дорнод аймагт эх орны чөлөөлөх дайн болж их хэмжээний буу зэвсэг ирсэн. Дайны үеийн буу зэвсэг бүгд л энэ аймгийн иргэдийн гap дээр ирсэн байх юм.
Буу хэрхэн олж авсан түүхийг асуухаар “Хэдэн жилийн өмнө нэг хониор авсан, төдөн шил архи өгөөд буутай болсон” гээд л ярьж байсан юм.
Ширээтийн өврийн хөндийд мөн л “фронттир” маркийн автомашинтай хүмүүс зээр агнаж байлаа. Тэвш дүүрэн, амьд байхдаа гэдсээ хүү татуулан толгой, дөрвөн шийрээ тасдуулсан зээрээр дүүрчээ. Тэвшин дээр дутуу үхэн татганах зээр ч байна лээ. Өмнөговь аймгаас ирсэн гэнэ. Бүрэнхий болохоос өмнө машиныхаа тэвшийг дүүргэж аваад нутгийн зүг хөдлөх гэнэ. Дараагийн зээрийн анчидтай тааралдлаа. Дандаа ооныг нь шилж бууджээ. Аймгийн төв зээрийн махны ченж хийдэг хүмүүс гэж өөрсдийгөө хэлж байна лээ. Тэднээс их хэмжээний мах бэлтгэж өгч чадах уу гэж acyyтал “Нэг гулууз махыг 15 мянгаар бөөндөөд өгч болно. Хэд хэрэгтэй юм. Бензин тосыг нь хийвэл хотод оруулаад өгье. Ногоон гэрлээр л цагдаа нарын дундуур давхиад л хүрнэ шүү дээ” гэв.
ГУРВАН МЯНГАН ХОНЬТОЙ АЙЛ ЗЭЭРИЙН MAX ИДЭЖ БАЙНА
Тал нутагт эрт харанхуй болох юм, нар баруунтаа хэвийжээ. Сумын төв явах гэхээр цаг оройтож. Нутгийн айлд хоног төөрүүлэхээр болов. Гаднаа их олон хонь бэлчсэн хоёр гэрээр буусан айлыг сонгож очлоо. Гэрийн эзэн гэж 50 гаруй насны эр байлаа. Харин эхнэр нь нэлээд нүүрэмгий болов уу гэмээр хижээл насны эмэгтэй цай хийж өгч, тавагтай идээ дөхүүлэхдээ элдвийг шалгаах юм. Хажуу талын жижиг гэрт малчных нь амьдардаг гэнэ. Ингээд бид ч хонохоор ирсэн гэдгээ гэрийн эздэд хэлээд тухаллаа. Гэрийн эзэгтэй дээлийн хормой дүүрэн мах оруулж ирээд тогоонд үйж байгаа харагдана. Хоёр мянга хол давсан малтай гэнэ. Сүүлийн хэдэн жил төл сайн авсан болохоор малын тоо толгой ч нэлээд нэмэгдсэн тухай ярьж байна. Хотоос яваа бидэнтэй “Манай энд хонь, ямааны махыг их хямд үнээр авах юм. Энэ хэдэн ченж дундаас нь мөнгө идээд хэрэг алга. Эндээс хямдхан авчихсан мөртлөө хотынхонд өндөр үнээр зарна. Манайх барга, үзэмчин хуц тавиад хонины яс томорсон. Зүүн аймгууд адуу цөөрч, хамаг хурдаа зарчихсан. Одоо бараг зүүн аймгийнхан эргүүлээд бусад аймгаас адуу худалдаж авдаг болсон” гээд ярьж гарлаа. Төд удалгүй биднийг түмпэн дүүрэн цагаан зээрийн махаар дайллаа. Гэрийн эзэн хутгаа гарган хэд огтлоод, бидэн рүү түмпэнтэй нь дөхүүлээд “Сайхан тарган, зөөлхөн байна. Залуу улсууд цохиод байж дээ” гэв. Хотоороо дүүрэн хоньтой байж цагаан зээрийн мах идэх нь сонин. Бүр хотод байгаа хүүхдүүд нь хүртэл цагаан зээрийн махаар өвлийг давдаг гэж ярих юм. Манай нутагт зээр, гөрөөс, тэмээний мах идсэн айлыг муу хэлдэг сэн. Бүр ийм яриа ч байдаг. Манай нутгийн Дашпэлжээ гуайн хүү Дондог тал дүүрэн малтай баян айлын ганц охинтой суух дээрээ тулсан гэдэг. Тэгээд Дашпэлжээ гуай бэр гуйхаар хэдэн хүнтэй худ болох айлдаа очиж. Нөгөөдүүл нь ч цай, идээ, ундаа болоод хачин сайхан хүлээж авсан байна. Тэгсэн Дашпэлжээ гуай хэсэг сууж байгаад “За хөдөлцгөөх үү” гээд гараад явчихсан байна. Хамт явсан хүмүүс нь гайхаж, “Бэрээ гуйхгүй яаж байгаа юм бэ” гэсэн юу ч хэлээгүй гэнэ. Бүр өөр хүний охин гуйгаад “Ааваасаа зөрөлгүй энэ хүнтэй суу. Эднийх нуруутай, хүний голтой айл байгаа юм” гээд хүүгийнхээ хуримыг дэнж хотойтол хийсэн гэдэг. Дашпэлжээ гуай сүүлд “Харамч Дондогийнх биднийг очиход тэмээний мах идэж байсан. Хотоороо дүүрэн хоньтой юм байж өндрийн мах идээд сууж байхаар нь сэжиг төрөөд. Хүүгээ “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй” айлын хүргэн болгохгүй. Болгоогүй нь ч оносон байх” гэж нутгийнхны амнаас ам дамжиж ирсэн яриа санаанд буулаа. Хонож байгаа айлаа зээрийн мах өглөө гээд муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хот дүүрэн хоньтой айл зээрийн мах идээд сууж байгаа нь “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй айл” гэх хуучны үгсийг эрхгүй санагдуулсан юм аа. Бидний хоносон Батсүрэн, Намжилдорж нарынх “Цагаан зээр байхад малаа идээд яах вэ. Мөнгө болгосон нь дээр” гээд зээрийн мах иддэгээ хэлж байлаа. Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд амар амгалангийн орон гэлтэй. Бүх зүйл амар амгалан ч цагаан зээр аль нэг газарт хядуулж байгаа даа гэж бодогдох нь хэцүү. Хонох айлынхаа зүүн талын хамар дээр гарлаа. Машины гэрэл сүлжилдэн харагдлаа. Барагцаалбал 10 ор чим машин байгааг гэрлээр нь тоолов. Өвлийн харанхуй шөнө замгүй газраар машин явж байгааг хараад цагаан зээр хядахаар ирсэн болохыг төвөггүй мэдэх ажээ.
Хөдөө талд нь зээрийн хядлага болж байхад Дорнод аймгийнхан “Юун зээр. Тэр муу зээр яадаг юм, буудуулж үхээ л биз. Энд Засаг даргаа огцруулах гээд жинхэнэ хор найрагдаж байхад” гэцгээгээд тоох хүүхэд ч алга, тэнд. Бүгд л сандал ширээнийхээ төлөө “алалцаад” улс төрийн хор найруулаад, хууль бус антай манатай байна лээ. Харин Сүхбаатар аймгийнхан “Бид хоёр ч удаа хөдөөгүүр яваад шалгасан. Цагаан зээрийн хядлага гэж байхаа больсон” гээд л сууж байх. Хэнтийнхэн ч мөн ялгаа байхгүй. “Өгөр цагаан зээрийг алж л байдаг юм. Төрд гарсан хэд нь улс эх орноо худалдаж байхад борчуудын тогоонд цагаан зээрийн мах буцалж яагаад болохгүй гэж” хэмээгээд огт тоохгүй байна. Малчид нь цагаан зээрийг ад шоо үзээд огт хамгаалахгүй. Уул уурхайн компаниуд, хорих, цэргийн ангийн дарга нарын халаас зузаарч, хоригдол, цэргүүд зээрийн мах идэж байна. Нийслэлийн цайны газруудын ихэнх нь хямд үнэтэй гээд зээрийн махыг хонины сүүлтэй холиод “Хонь, үхрийн махаар хийсэн хоол” гээд худалдаалдаг. Түүнийг нь бэлтгэж, хүргэдэг сүлжээ ч бий.
Э.Хүрэлбаатар