Ёжтой нэгэн эр “Богд уулын бэлд амсхийхдээ би Монголд үйлдвэрлэсэн кофе уун, хиам, бяслаг, өргөст хэмхтэй талх идэж байгаа нь Эрээнд, үгүй юм гэхэд урд хөршийн хаа нэгтээ амьдран суугаа хятад айлд орлого оруулж буй хэрэг. Яагаад гэвэл миний өмсөж, идэж буй бүх зүйл импортынх бөгөөд дийлэнхийг нь урд хөршөөс нийлүүлдэг. Хиамны мах, талхны гурил Монголынх байлаа ч бүтээгдэхүүн болгоход шаардлагатай орц, өнгө, амт оруулагч, исгэгч болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав, баглаа боодлыг гадаадаас худалдан авдаг. Тиймээс алхам тутамдаа л би бусад улсын бизнесмен, үйлдвэрлэгчдийг дэмжээд байгаа хэрэг. Аль улсынх нь хамаагүй, нэг ч гэсэн үйлдвэрлэгч ашиг олог л дээ, хөөрхий” гэлээ.
Энэ бол гашуун ч болов үнэн үг. Учир нь манай улсын дийлэнх салбар импортын бүрэн хамааралтай бөгөөд өдөр тутмын хүнсний хэрэглээнийхээ 60 гаруй хувийг бид гадаадаас худалдан авдаг гэдэг. Тиймээс хүнсний аюулгүй байдал, хангамж, үнэ өртгийн асуудал ноцтой байдалд тулж ирсэн. Үүнийг төр засгаас онцгойлон авч үзэж, тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” буюу “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь 2022 он. Уг хөтөлбөрийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, өндөг, тахианы мах зэрэг 19 хүнсийг дотоодод бүрэн үйлдвэрлэх, импортын хамаарлыг бууруулах, улмаар гадаадаас худалдан авдаггүй болгох зорилт тавьсан билээ.
1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООС 1.3 ОРЧМЫГ НЬ ӨГЧЭЭ
Үүний хүрээнд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зорилгоор нийт 1.7 их наяд төгрөгийн зээл олгохоор болсон. Үүнийг жил бүрийн улсын төсөвт суулгахын зэрэгцээ олон улсын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2025 оны байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийг 2600 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон гэнэ. Харин энэ жил гарснаар хэдэн төгрөгийн санхүүжилт өгсөн болон уг хөтөлбөрийн үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхнаас тодрууллаа. Тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал хөтөлбөрийг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар шинээр хүнсний 53 үйлдвэрийг ашиглалтад оруулж, Монгол Улс нийт 940 гаруй үйлдвэртэй болсон. Мөн 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн бол мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсон урьдчилсан тооцоо бий. Гэхдээ зөвхөн уг хөтөлбөр гэлтгүй сүүлийн 20 орчим жил газар тариалан, хүнс үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт төрөөс зарцуулсан хөрөнгө, хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, үр дүнг хэлэлцэх, сонсгол зохион байгуулах юм билээ. Тиймээс салбарын яамны зүгээс “Хүнсний хувьсгал”-ыг тусад нь болон бусад хөтөлбөрийн үр дүн, биелэлтийг дүгнэх бэлтгэл ажлаа хийж буй. Бид статистик тооцоо гарган, дүн бүртгэлээ нэгтгээд байна. Сонсголоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарна. ХХААХҮЯ зээл олгоход шууд оролцдоггүй. Дүүрэг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрийн газарт иргэд, аж ахуйн нэгж хүсэлтээ хүргүүлдэг. Тэднээс нээлттэйгээр сонгон шалгаруулдаг. Мэдээж арилжааны банкаар дамжуулан олгодог зээл учраас шаардлага хангасан, найдвартай аж ахуйн нэгжүүд л авсан гэсэн үг” гэлээ.
СҮРЖИН НЭРТЭЙ ХӨТӨЛБӨР ДАРЖИН ҮР ДҮНТЭЙ БАЙХ ВИЙ
2022-2027 он буюу таван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусах дөхлөө. Зарцуулах хөрөнгийнхөө дийлэнх хувийг олгосон аж. Хэрэв хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гэж үзвэл юун түрүүнд гол нэрийн 19 хүнсийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон байх нь. Ядаж л импортын хэмжээ нь буурч, хөрөнгө хэмнэсэн үзүүлэлт харагдана. Гэтэл Гаалийн ерөнхий газрын тайлангаас харахад өндөг, тахианы мах, өтгөрүүлсэн болон хуурай, шингэн сүү, цөцгий зэргийн импорт жил ирэх бүр тогтмол өссөн байх юм. Жишээлбэл, 2024 онд 98.3, өнгөрсөн жил 120.6 сая ширхэг өндөг худалдан авахад нийт 19 сая ам.доллар зарцуулжээ. Түүнчлэн уржнан хуурай болон өтгөрүүлсэн сүү 5757, ноднин 6651 тонныг худалдан авсан байна. Үүнд 40.3 сая “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Бас дотооддоо тарьж ургуулдаг гэдэг төмс, улаан буудайн импорт огтхон ч буураагүй, эсрэгээрээ нэмэгджээ. Тоо худал хэлдэггүй учраас “Хүнсний хувьсгал” хэмээх сүржин нэртэй хөтөлбөр даржин үр дүнтэй байна гэвэл буруудахгүй болов уу. Энэ талаар Гавьяат агрономич, доктор Ж.Бяцхандай “Төрөөс төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл, тусламж олгож байна л гэдэг. Мэр сэр иргэн, компани тоног төхөөрөмжөө сайжруулсан, эргэлтийн хөрөнгийн зээл авсан байсан. Гэхдээ зээл тусламж нь хязгаарлагдмал, сонгон шалгаруулалт ил тод бус, зарим талаар шалгуур маш өндөр санагддаг. Ер нь зорилтот бүлгийнхэнд, ажилсаг, хөдөлмөрч хамт олон, иргэдэд зээл олддоггүй. Том, монопол компаниуд үл хөдлөх хөрөнгийн давуу байдлаа ашиглан зээл авч ирсэн. Энэ нь нарийн болон хүнсний ногоо, төмсний импортын хэмжээ буурахгүй байгаагаас шууд харагдана. Хүлэмжийн аж ахуйг гэхэд бид хөгжүүлж чадахгүй, улирлын хамааралтай хэвээр л байна” гэв. Тэгвэл Гавьяат багш, техникийн ухааны доктор, шим тэжээл судлаач Г.Энхтайван “Хүнсний аюулгүй байдлыг хангаж, тогтолцоог сайжруулан, эрүүл хүнс, хоолоор иргэд, хүүхэд залуусаа хооллох, үйлчлэх нь төрийн хүлээх үндсэн үүрэг. Манай оронд хүнсний аюулгүй байдал алдагдсан. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны стандартыг бий болгох, шим тэжээлтэй, зүй зохистой хоол бэлтгэн, нийлүүлэх зайлшгүй шаардлага бий. Тэгвэл яг эл чиглэлд төрөөс хэрэгжүүлж буй ажил бараг байхгүй. Японы ЖАЙКА, БНСУ-ын КОИКА зэрэг байгууллагын санхүүжилтээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, зарим бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, тариалалтыг нэмэгдүүлж байна гэж ярьдаг. Тэгвэл тэдгээрээс ч дутахгүй ач холбогдолтой хоол үйлдвэрлэл, технологийн нөхцөлийг сайжруулах, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарвал зохино. Ингэж чадвал бид сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны зүй зохистой цэс, шим тэжээл бүхий хоолыг бэлтгэнэ. Эрүүл хоол иддэг хүүхдүүд эрүүл өсдөг, эрүүл хооллосон иргэн урт насалдаг нь бодит үнэн. Тиймээс төрийн төсөл, хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлээсэй” гэсэн юм.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ААР СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
УИХ-ын гишүүн М.Мандхай цахим хуудсандаа “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлсөн зээлийн хүүгийн татаас”-ын талаар сонсгол явуулахаар болсон нь тун чухал. Эл сонсголыг нэг Засгийн газар, нэг намын асуудал болгож болохгүй. Учир нь энэ бол бараг 20 жилийн түүхтэй асуудал. Тухайлбал, 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй хариуцсан салбарын нэр, бүтэц өөрчлөгдөж, Засгийн газар, сайд нар нь солигдсон ч төрөөс мөнгө гаргадаг, дэмждэг бодлого тасраагүй. Тухайлбал, 2008-2012 онд “Атар III” аяныг эхлүүлж, газар тариалан, буудайн үйлдвэрлэлд төрөөс ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Улмаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг байгуулж 2019 онд БНХАУ-аас газар тариалангийн техник худалдан авахтай холбоотой 65 орчим тэрбум төгрөг төсвөөс гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл, төрөөс хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт зарцуулсан хөрөнгийн бодит хэмжээ, хүүгийн татааст олгосон дүнг нарийвчлан ил болгох шаардлагатай. Улмаар төрийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж, компаниуд юу бүтээв, ямар технологи, үйлдвэрлэл бий болгов. Хэдэн хүнийг ажлын байраар хангав, хэдэн төгрөгийн татвар төлөв, импортын барааг орлох ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэв гэдгийг харцгаая” гэжээ.
Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Арвин “Манайх хиам, царцаамаг үйлдвэрлэдэг, найман хүн ажилладаг цехтэй. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг автоматжуулах зорилгоор 220 орчим сая төгрөгийн зээл авахаар дүүрэгтээ хандсан ч бүтээгүй. Уг нь хүргэлтийн хоёр суваг нээж, үйлдвэрээ хагас автоматжуулах төсөл бичсэн ч үл хөдлөх хөрөнгийн барьцаа хангалтгүй, мөн бизнесийн зээлтэй учраас буцаагдсан. Гэтэл “Очир дагинас”, “Жүр үр” зэрэг том компани хэдэн тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрлэлээ өсгөлөө гэсэн. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихгүй, монопол, том компанийг “угжиж” байгаа л хэрэг” гэсэн юм. “Саран өв” компанийн эзэн Ч.Саранчимэг “Манайх хүргэлтийн дунд оврын ачааны авто машины үйлчилгээ эрхэлж, орон сууцынхаа нэгдүгээр давхарт найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Сүүлийн үед дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэр, төрөл илт олширсон. Ялангуяа сүү, тараг, айраг, шар сүүний чихрийг төрөл бүрийн хольц, орц, хэмжээ, өнгөтэйгээр нийлүүлдэг болсон. Үүнийг би “хүнсний хувьсгал” дэвшил гэж хэлнэ. Бас даршилсан ногоо, жимс, жимсний шүүс, архи зэргийг манай үйлдвэрлэгчид тун сайн хийдэг. Нэмээд гурил, гурилан бүтээгдэхүүний нэр, төрөл бараг тоолох боломжгүй олон болсон. Харин үнийн хувьд импортынхоос зарим нь нэлээд өндөр байдаг. Магадгүй илүү чанартай, органик бүтээгдэхүүн учраас тэр байх” гэлээ.
Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг. Манай орны хувьд цөлжилт, газрын доройтлыг эс тооцвол, атар газраа эзэмшээд олон зуун жил болоогүй, харьцангуй эрүүл, органик хөрстэйд тооцогддог. Тэгэхээр ийм эрүүл хөрсөндөө тарьсан бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, импортын хамаарлыг арилгах, улмаар иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, хүнсний шалтгаант өвчлөлийг бууруулах зорилгоор “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн байх. Хувьсгал гэдэг бол хуучныг халж, шинэ дүрэм, шинэ төрх, шинэ нийгэм бий болгох өргөн ойлголт. Ялангуяа хүнсний хувьсгалаар хүнсний чанар, аюулгүй байдал, хүртээмж, сонголтыг үнэмлэхгүй ахисан түвшинд гаргасан, үнийг нь худалдан авах чадварт ойртуулсан, импортын хамаарлыг илт бууруулсан, далайцтай ажил өрнөсөн байж таарна. Харин үр дүн нь ямар байгааг удахгүй болох сонсголоос мэдэж болох нь.
С.Дулам