Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагууд ээлжит хуралдаанаараа шатахууны хангамж, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 1750, орон нутагт 500 тонн АИ-92 авто бензин түгээгээд байна. Улаанбаатарын нийт шатахуун түгээх станц (ШТС)-ын 90 хувь нь хэвийн ажиллаж буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр байгуулсны үр дүнд авто бензинээс 25 000, онгоцны түлшнээс 5000 тонныг нэмж авахаар болсон” хэмээсэн юм.
Ташрамд, нөөц хомсодсонтой холбоотойгоор нийслэл дэх ШТС-ууд 50 мянган төгрөгөөр квот тогтоон түлш олгож байсныг өнгөрсөн бямба гаргаас хүчингүй болгосон. Түүнчлэн өчигдрөөс эхлэн шатахууныг хэвийн олгож буй ч түгээгүүрийн ойр орчимд урт дараалал тасраагүйг иргэд шүүмжилж байна.
Д.Сэлэнгэ