УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ талаар тэд мэдээлэл хийв. Гишүүн П.Наранбаяр “Төсвийн тодотголыг дагуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг баталснаас нь хойш 24 дэхээ өөрчлөх гэж байна. Хаврын чуулганы төгсгөлд нэг удаа өөрчлөлт оруулж, “Төсвийг баталснаас нь хойш зургаан сарын дотор тодотгохгүй” гэсэн заалтыг нь хассан. Одоо “Суурь тэнцэл хоёр хувийн ашигтай байна” гэсэн заалтыг “Хоёр хувийн алдагдлаас дээш гаргахгүй” болгоод оруулж ирлээ. Ингэж байн байн өөрчлөх юм бол ийм хуулийн хэрэг байна уу. Төсвийн тодотгоогүй жил гэж бидэнд үгүй. Энэ удаа алдагдлыг нэг их наядаар нэмж оруулж ирсэн. Төсвийг тэлж оруулж ирж байхад Монголбанк яагаад дуугүй байна. Мөн төсөв дэх төрийн хамаарал илт нэмэгдлээ. Орон нутгийн төсөв улам бүр багасаж байна. ХХОХТ-ыг бууруулсан, энэ орлого орон нутагт очдог байсан” гэв. Гэхдээ тодотгохоос аргагүй нөхцөл үүссэнийг тэд хүлээн зөвшөөрч буй аж. ХҮН нам Засгийн газарт хамтарч буй ч буруу зүйлд нүдээ аниад өнгөрнө гэсэн үг биш, алдааг нь засна, шүүмжилнэ гэлээ.