Бутаны Хаант Улсын Паро хотод өнгөрсөн долоо хоногт Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалт болсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ үеэр хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэхийн зэрэгцээ соёл, үнэт зүйлсийг хадгалж, тогтолцооны сэтгэлгээг шинэчилж, байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарч ажиллахаар хэлэлцсэн аж. Уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцон Монголын малчдын уламжлалт мэдлэг, үнэт зүйлсийг орчин үеийн стандарт, инновацтай хослуулан ажиллахыг чухалчилж буйгаа дурдлаа. Мөн уулзалтаар дэвшүүлж буй өөрчлөлт, тогтолцооны үнэт зүйлс, байгальд түшиглэсэн шийдлийн үзэл санаа нь манай уламжлалт мал аж ахуйн өв соёлтой нягт холбоотой, үүнийгээ орчин үеийн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний засаглалтай уялдуулж болохыг тэмдэглэв. Түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засаг, орон нутгийн иргэдийн амьжиргааны чухал бүрэлдэхүүн болж, 180 орчим малчин өрх нэг сая гаруй хүний амьжиргааг дэмжиж байгааг дурдав. Дээрх уулзалтыг Бутаны Засгийн газар, Ухаалаг хүнсний тогтолцооны холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.
С.Дулам