Монгол Улс Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-нд хоёр дахь удаагаа хамрагдсан бөгөөд үр дүнг нь OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагынхан боловсруулж, дэлхий нийтэд өчигдөр Улаанбаатарын цагаар 16.30-д танилцууллаа. “PISA-2025”-д энэ удаа хамгийн олон орон буюу дэлхийн 91 улсын 15 настай 760 мянган суралцагч хамрагджээ. Харин манай улсаас 191 сургуулийн 7146 суралцагч сонгогдон оролцсон юм. Тэдний 49 хувь нь нийслэл, 32 нь аймаг, 19 нь сумын төвд суралцдаг аж.
Сурагчдын амжилтын талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.НямОчир танилцуулав. Тэрбээр “Хүүхдүүдээс байгалийн ухаан, унших чадвар болон математик, цахим орчинд суралцахуйн сорил авсан. Эдгээр үзүүлэлтийн дунджаар Монгол Улс 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгдсэн. Математик 419 оноотой 49, байгалийн ухаан 424 оноотой 56, уншаад ойлгох чадвар 374 оноотой 69 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдлээ. Харин 2022 онд 81 улсаас манайх 425 оноогоор 47 дугаар байрт бичигдсэн юм. PISA үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшнийг суурь гэж үздэг бөгөөд байгалийн ухааны хичээлд манай суралцагчдын 56.9 хувь нь энэ түвшинд гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, таван суралцагчийн гурав нь эл зорилтод хүрчээ. Харин уншаад ойлгох чадвараар манай улс 2022 онд 378 оноотой байсан бол энэ удаа 374 болж бага зэрэг буурчээ. Уншаад ойлгох чадвар дэлхийн улсуудад анхаарах асуудал хэвээр байгаа бөгөөд энэ нь дижитал хэрэглээтэй холбоотой байж болзошгүй. Түүнчлэн математикийн хичээлээр 2022 онд 425 оноо авч байсан бол энэ удаа 419 болжээ. Эдгээр нь OECDын гишүүн орнуудынхтай харьцуулахад доогуур түвшин” гэв.
Мөн манай сурагчид анх удаа технологи ашиглан асуудал шийдвэрлэх болон бие даан суралцах чадварын сорил өгсөн юм. Асуудал шийдвэрлэх чадвараар 51 дүгээрт бичигджээ. Түүнчлэн байгалийн ухаан, математикийн хичээлд хөвгүүдээс охид илүү өндөр үнэлгээ авчээ. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн суралцагчдын хувьд ижил түвшинд үнэлэгдсэн байна.
Ч.Болор