Монгол, Оросын бизнесмэнүүдийн хамтарсан B2B бизнес уулзалт буюу худалдаа, экспорт, импорт, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, шинэ харилцаа тогтоох чухал уулзалтууд Чингис хаан олон улсын зочид буудалд эхлэв. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан энэ өдрүүдэд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь байх гэнэ. Энэхүү бизнес уулзалт өнөөдөр, маргааш үргэлжилнэ. Энд ОХУ-ын урдаа барьдаг хүнсний тэргүүлэх үйлдвэрлэгчид, хөдөө, аж ахуйн шилдэг аж ахуйн нэгжүүдийн 35 орчим төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаар цуглажээ. Тэд манайханд хөдөө, аж ахуйн бэлэн бүтээгдэхүүн, техник технологио санал болгож байна.
Энэхүү В2В бизнес уулзалтыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Агроэкспорт” холбооны төв зохион байгуулж буй.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков В2В бизнес уулзалтыг нээж “Монгол Оросын ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлээр холбогдож ирсэн. 2026 онд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт суурийг бататгаж, цаашдын худалдаа эдийн засгийн түншлэлийг бататгана. Энэхүү бизнес уулзалтаар талууд шууд гэрээ хэлцэл хийхээс гадна бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ложистикээ өргөжүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал ОХУ-аас Монголд тахианы мах нийлүүлж, эргээд нөөцөлсөн болон лаазалсан хүнс авна гэсэн хүлээлттэй байна. Социализмын үед ч бид эдийн засгийн найрсаг хамтын ажиллагаатай байсан. Өнөөдөр үүнийгээ шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны өөр гарц хувилбарууд нээгдэх байх” гэж онцолсон.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) ерөнхийлөгч Б.Лхагважав энэ үеэр “Хоёр улсын бизнесийн төлөөлөл эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нэмэхийн төлөө бүх талаар дэмжиж, идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн. Улмаар “Манай улсын хувьд хүнс, хөдөө аж ахуй нь хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэж, өргөжүүлэх өндөр боломжтой салбар гэж үздэг. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, боловсрулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна” хэмээлээ.