Хэрэв хятад цайнуудыг бүхэл бүтэн армитай зүйрлэвэл, тусгай албаныхан нь бараан луу хэмээн нэрлэгддэг оолон цай гэж үзэж болно. Бараан луу гэдэг нэрний утгыг тайлахын тулд ямар нэгэн толь бичиг, судар үзэж, домог сонсох шаардлагагүй, энэ цайны навчийг харахад л хангалттай хэмээн хятадууд хэлдэг. “Цин ча” хэмээх энэ цайг номин өнгөт, greenish хэмээн нэрийдэх нь ч бий. Энэ цай олон соорттой, олон өнгөтэй, түүнийгээ дагаад амт нь янз бүр. Бас цайны навчийг намар, хавар, зун түүсэн гэдгээрээ үнэ нь ч янз бүр. Энэ олон соортын навчийг хольж боловсруулсан нь бараан хүрэн өнгөтэй байдаг аж. Түүнээс гадна хятадууд оолон цайны навчийг зөвхөн “нас бие гүйцсэн”, том бутнаас түүдэг гэнэ. Түүсэн навчаа нэг цаг хэртэй наранд хатаасныхаа дараа сүүдэр газар тавьдаг уламжлалтай. Ингэснээр навч амт, чанараа сайн хадгалдаг байна. Мөн олон төрлийн оолонгийн навчийг хольж, наранд хатаах нь ч бий. Цай судлаач, энэ чиглэлийн мэргэжилтнүүд хагас боловсруулсан оолон цайг амт, үнэр, эрч хүч сэргээх чанараараа дэлхийд тэргүүлдэг гэж үздэг аж. Ногоон, хар, улаан цайны олон төрлөөс оолонг л “гун фу ча” буюу цайны дээд ёслолд хэрэглэдэг гэнэ. Оолон цайг олон дахин хандалж уудаг бөгөөд 20-30 дахин хандлахад ч амт, чанар нь алдагддаггүй. Дорнын соёлын салшгүй хэсэг болох цайны ёслолыг хятадууд оолонгүйгээр төсөөлдөггүй. БНХАУ-ын Фужиан, Гуандун муж, Тайвань оолон цайг үйлдвэрлэдгээрээ алдартай. Дашрамд сонирхуулахад, VII–X зуунд буюу Тан гүрний үед цайны навчийг жижиглэн, усанд буцалгаж шөл маягийн зүйл хийдэг байжээ. Хожмоо Сүн гүрэнд (X–XIII зуун) цайны навчийг нунтаг болтол нь нүдэж, халуун усанд хийж найруулдаг болсон аж. Харин Мин гүрний удирдагч цайны навчийг жижиглэн гүцэнд хандалж уудаг болсон гэдэг. Орчин үед худалдаалагддаг болсон боловсруулсан оолон нь улааны цайны үнэр, ногоон цайны амтыг өөртөө шингээсэн байдаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн орхоодой, сарнайн дэлбээ, сүүтэй гээд олон төрлийн оолон цай худалдаанд гарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүний биед хэрэгтэй 400 гаруй бодис энэ цайнд бий гэнэ. Тухайлбал, эфирийн тос, кофеин, витамин С, D, E, K, B1, B6, B3, B12, кальц, фосфор, төмөр, йод, магни агуулагддаг. Түүнээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулах, стресс тайлах увдистай. Оолон цайны 30 гаруй соорт байдаг, тэр нь зөвхөн Хятадад ургадаг. Хятадууд оолон цайг хэрхэн нээсэн талаар хэд хэдэн домог бий. Тус улсын өмнөд хэсэгт орших Фужиан мужийн Аньси сууринд хар луу хочтой нэгэн залуу ан хийж яваад шүүдрийн усанд хандлагдсан оолонгийн үнэрт татагдан саатаж, сайхан үнэртэй навчийг анх олж харсан гэдэг. Зарим нь лам нар анх олж нээсэн ч гэлцдэг. Юутай ч, эртний хятадууд хаад, ноёддоо оолон цайгаар бэлэг барьдаг байжээ. МЭ 700 онд Тан гүрний үед цай нь бэлэг биш, өргөл барьц болон хувирсан тухай түүхчид тэмдэглэсэн нь бий.