Европын холбоо Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны хариуд Минск Бельги, Польшийн Элчин сайд нарыг эх оронд нь илгээх шийдвэр гаргасан билээ. Европын холбооны гишүүн 27 орон үүний хариуд Беларусиас дипломат төлөөлөгчдөө татах болсноо мэдэгдсэн тухай ВВС дамжуулав. Европын холбоо, Беларусийн хооронд сүүлийн таван жил үргэлжилсэн зөрчил дипломат дайн болон хувирч байна хэмээн ажиглагчид онцоллоо.
Европарламентын тэргүүн Мартин Шульц “Польш, Бельгийн Элчин сайд нарыг эх орноосоо гаргаснаар беларусьчууд Европын холбоотой дайсагналцсан алхам хийж байна. Ингэлээ гээд зөрчил намжихгүй, харин улам газар авна” гэжээ. Түүнээс гадна Беларусийн шүүх, хууль сахиулах байгууллагын 19 төлөөлөгчийг “хар жагсаалт”-даа оруулснаа Европын холбоо зарласан юм.
Ингэснээр Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко тэргүүтэй Засгийн газар, хууль сахиулах байгууллагын 230 ажилтан Европын холбооны орнуудад зорчих эрхгүй болж байгаа юм.
Х.ОД