Хойд хөршийн цаашдын, үгүйдээ л ойрын зургаан жилийн хувь заяаг тодорхойлох өдөр хаяанд ирлээ. Гуравдугаар сарын 4-нд оросууд Төрийн шинэ тэргүүнээ сонгоно. Санал хураалтаас хойш 10 хоногийн дараа Сонгуулийн төв хороо эцсийн дүнгээ гаргах ёстой. Тус улсын Сонгуулийн төв хороонд улс төрийн дөрвөн намын нэр дэвшигч, бие даан нэр дэвшиж буй нэг хүн бүртгүүлээд буй.

НЭР ДЭВШИГЧ ¹ 5
Нэгдсэн орос намаас нэр дэвшигч, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин өмнө нь хоёр да хин Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Олон нийтийн санал судлах байгууллагуудаас гаргасан үзүүлэлтээр тэрбээр нэр дэвшигчдийн рейтингийг тэргүүлж явна. Санал хураах хуудсанд 5 дугаарт бичигдсэн В.Путин кампанит ажлаа оны өмнөөс эхэлсэн гэхэд болно. Хөлбөмбөгийн багийнхныг өөртөө татах, нийтлэл бичих, Төрийн думын сонгуулийг тойрсон дуулианыг үл тоох, муж, хотуудын захиргаанд халаа сэлгээ хийх гээд түүний амжуулсан ажлуудын дийлэнх нь PR байв. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан, тэрбээр өөрийн намыг дэмжин жагссан хүмүүст мөнгө амласан гэх шуугиан ч олны анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого гэж үзэх хүн олон байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр шаттайгаар явуулбал тэрбээр хоёрын даваанд хэнтэй тунаж үлдэх талаар ажиглагчид олон таамаглал дэвшүүлж байна. В.Путин хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Сонгуулийн уур амьсгал надад таалагдаж байна. Санал хураалтыг нээлттэй, шударга явуулахын тулд бүх л талаар анхаарч ажиллах ёстой” гэлээ. Гэхдээ, сонгуулийн дүн будлиантай гарах магадлалтайг ч тэрбээр үгүйсгэхгүй бололтой. “Сөрөг хүчнийхэн санал хураалтын дүнг будлиантуулбал яах вэ?” гэдэг асуултыг ихэд нухацтай тавьсан Ерөнхий сайд “Тэд тэмцвэл тэмцэг, гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд” гэж анхаарууллаа.
ХОЁР УДАА Б.ЕЛЬЦИНИЙГ, ХОЁР УДАА В.ПУТИНИЙГ СОНГОСОН НЬ ОРОСУУДЫН АЛДАА
Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт таван удаа нэр дэвшиж байсан В.Жириновскийн кампанит ажил өмнөх жилүүдийнхээс нэг их ялгарахгүй байна хэмээн ажиглагчид онцолж буй. Тэрбээр Төрийн думын сонгуулийн дүнг будлиантай хэмээн үзэж, жагсаал зохион байгуулж, телевизийн мэтгэлцээнүүд, халз тулаанд идэвхтэй оролцож, орон нутгаар явж... Өмнө нь таван удаа тэрбээр иймэрхүү л маягаар PR-даж байв. Энэ удаад ч мөн адил. Тэрбээр саяхан “Россия” телевизээр нэр дэвшигч М.Прохоровтой “халз тулахдаа” мөн л хуучин тактик хэрэглэв. “Ард түмэн Б.Ельцинийг хоёр удаа, В.Путинийг мөн хоёр удаа сонгочихоод одоо түүндээ сэтгэл дундуур байгаа бол яая гэхэв. Энэ бол тэдний л алдаа” гэж мэдэгдсэн тэрбээр М.Прохоровыг Ерөнхий сайдын “бууны нохой” хэмээн нэрлэв. Хоёрдугаар шатанд В.Путинтэй тунаж, ялалт байгуулна гэдэгтээ тун итгэлтэй байгаа Либерал ардчилсан намын даргын рейтинг нэр дэвшигчдийн рейтингийн жагсаалтад гуравдугаарт цохиж явна. Оросын Олон нийтийн саналыг судлах төвөөс (ВЦИОМ) гаргасан энэ жагсаалтыг тэрбээр “Худлаа, шал худлаа. Энэ бол ард олны бус, Кремлийнхний саналыг судлах төв” гэж тайлбарлалаа.
ОРОСТ ХААН БИШ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ
“ОНЭКСИМ” группийн тэргүүн, Оросын биатлоны холбооны Ерөнхийлөгч, тэрбумтан М.Прохоров улс төрд хөл тавиад нэг жил гаруй болохдоо “Зөв үйл хэрэг” намын даргын албыг хашиж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшлээ. Төрийн думын сонгуулийн дараа нэр дэвшихээ мэдэгдсэн тэрбээр өөрөө нам байгуулж, элсэх хүмүүсийн өргөдлийг хүлээн авч буйгаа нийтэд зарлав. Шинэ оросуудын төлөөлөл М.Прохоров өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд “Жинхэнэ ирээдүй” уриатайгаар мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Эх орноо чинээлэг иргэдтэй, хүчирхэг эдийн засагтай болгохын төлөө ажиллана хэмээн мэдэгдэж буй тэрбээр “Орост хаан хэрэггүй, Ерөнхийлөгч хэрэгтэй” гэж онцолж буй.
ВЦИОМ-ээс гаргасан нэр дэвшигчдийн рейтингийн жагсаалтад хамгийн сүүлд бичигдсэн тэрбумтан оюутан залуус, бизнесийн хүрээнийхэн, эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй байна хэмээн ажиглагчид мэдэгдэж байгаа. Тус улсын “Вконтакте” нийгмийн сүлжээгээр явуулсан санал асуулга, түүнд үндэслэсэн рейтингийн жагсаалтыг М.Прохоров тэргүүлжээ. “Forbes” сэтгүүл 2011 онд М.Прохоровын хөрөнгийг 18 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ хэмээн үнэлсэн юм. Хэдийгээр өрсөлдөгчид нь “ногоон”-оороо, мөнгөнөөс өөр зүйлгүй, эхнэргүй гэхчлэн түүнийг шүүмжилж байгаа ч хоёрдугаар шатны санал асуулга болбол өөр хэн нэгэн биш, тэр л В.Путинтэй (магадгүй, өөр хэн нэгэн) халз тулах магадлал байгаа гэнэ.
Г.ЗЮГАНОВ С.МИРОНОВТ “ТАЛ ЗАСАЖ” БАЙНА
Ерөнхийлөгчийн сонгуульд нийт дөрвөн удаа нэр дэвшихдээ Б.Ельцинд хоёр, В.Путинд хоёр удаа ялагдсан Коммунист намын тэргүүн энэ удаад даагаа нэхэж байна. Олон нийтийн байгууллага, хэвлэл, интернэтээс гаргасан рейтингийн жагсаалтуудад тэрбээр хоёрдугаарт бичигджээ. Өөрийнх нь төлөө саналаа өгөх долоон шалтгааныг цахим хуудсандаа бичсэний нэг нь “Орос, Украин, Беларусь, Казахстаныг нэгтгэсэн ахан дүүсийн холбоо байгуулах” аж. Телевизүүдийн шууд нэвтрүүлэг, халз тулаан, мэтгэлцээнүүдэд ирээгүй В.Путинийг “хулчгар” хэмээн нэр лэсэн тэрбээр эхний шатны санал хураалтын дүнд ялалт байгуулна хэмээн зарлав. “Нэгдүгээр суваг” телевизээр Г.Зюганов “Шударга Орос” намын тэргүүн, нэр дэвшигч С.Мироновтой халз тулахдаа сөрөг хүчний намууд нэгдэж, “Нэгдсэн Орос”-ын эсрэг зогсохыг уриаллаа.
Хоёрдугаар шатны санал хураалт болсон тохиолдолд, тэр тусмаа Г.Зюганов В.Пу тин тэй тунаж үлдсэн тохиолдолд Коммунист намын тэргүүнийг дэмжихгүйгээ С.Миронов илэрхийлэв. Сонгуулийн кампанит ажил, мөрийн хөтөлбөрүүд нь ч хоорондоо нэлээд төстэй энэ хоёр нэр дэвшигч хоёулаа ялалт байгуулах, үгүйдээ л гэхэд хоёрдугаар шатны санал хураалтад В.Путинтэй тунана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Оросын хүн амын 80 шахам хувь нь ядуу амьдарч байна, шударга ёс алдагдаж, олигархийн дэглэм гаарлаа гэдэг дээр санал нэгдэж буй Г.Зюганов, С.Миронов нар шийдвэрлэх мөчид ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй.
В.ПУТИНИЙ ДЭГЛЭМИЙН ТӨГСГӨЛ ЭХЭЛЖ БАЙНА УУ
Өнгөрөгч онд болсон Төрийн думын сонгууль, хэд хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийг барууны хэвлэлүүдэд “В.Путиний дэглэмийн төгсгөл эхэлж байна” хэмээн тодорхойлжээ. Их Британийн Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны хүрээлэнгээс гаргасан илтгэлд энэ талаар өгүүлсэн байна. Оросын эдийн засагт шинэчлэлт хийх, улс төрийн тогтолцоог өөрчлөх болсон энэ үед засгийн эрхэнд В.Путин гарвал энэ нь араасаа хямрал, зөрчил дагуулна хэмээн уг илтгэлд бичжээ. Түүнчлэн ХБНГУ-ын улс төр судлаач Александр Рар “В.Путиний дэглэм унах цаг ойртож байна. Олигархжсан, нэг намын тогтолцоо ноёрхсон Оросын нийгэмд “Арабын хавар”-ын салхи үлээж байна” гэж онцлов.
Х.ОДОНЧИМЭГ