ОХУ-д өнгөрсөн ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 65.3 хувьтай байгаа нь өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Төрийн думын сонгуулийнхаас таван хувиар илүү байв. Сонгуулийн төв хорооны урьдчилсан дүнгээр Нэгдсэн орос намаас нэр дэвшигч В.Путин 65, Коммунист намаас нэр дэвшигч Г.Зюганов 17.1, бие даан нэр дэвшигч М.Прохоров 8.1, Либерал ардчилсан намын нэр дэвшигч В.Жириновский 6.2, Шударга орос намаас нэр дэвшигч С.Миронов 3.8 хувийн санал авсан байна. В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын хэлснээр В.Жириновский, С.Миронов нар Ерөнхий сайд руу утас цохиж, баяр хүргэжээ. Харин Г.Зюганов сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн аж.
.jpg)
ӨМНӨХӨӨСӨӨ ДЭЭРДЭХ ЮМ АЛГА
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнө нь болсон Төрийн думын сонгуулиас ялгарах юмгүй, будлиантай болсон гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. “Сонгогчдын лиг” хөдөлг өөн, “Яблоко” намынхны мэдээлж буй гаар санал хураалтын үеэр 3000 гаруй зөрчил бүртгэгдсэн, түүний дотор сонгогчдыг нэг хэсгээс нөгөө рүү зөөж, давхар санал өгүүлсэн гэх мэдээлэл байна. “Санал хураах хэсгүүдэд олон зөрчил гарч байсан. Харамсалтай нь энэ сонгууль өмнөхөөсөө (Төрийн думын) дээрдэх юмгүй боллоо” хэмээн “Яблоко” намын тэргүүн Сергей Митрохин сэтгүүлчдэд ярьжээ. Мөн “Сонгогчдын лиг” хөдөлгөөний зохицуулагч Андрей Дёмин “Сонгууль шударга болсон гэдэгт бүрэн итгэхгүй байна” гэлээ.
Түүнээс гадна сонгогчдын эрхийг хамгаалах “Голос” ассоциацийнхан ч Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн үеэр будлиан, зөрчил гарсан гэх гомдлуудыг хүлээн авснаа мэдэгджээ. “Сонгуулийн хэсэгт ажиллаж байсан хүмүүс иргэд рүү утасдаж, саналаа өгөхөөр ирэх эсэхийг асууж байсан нь “но”-той” хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна. Учир нь саналаа өгөхөөр ирээ гүй, ирж чадахгүй хүмүүсийн өмнөөс санал өгсөн тохиолдол ч гарчээ. Харин Оросын Дотоод хэргийн яам сонгуулийн үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй хэмээн мэдэгдэв. Гэ сэн ч Дагестан дахь 1402 дугаар хэсэг, Москва дахь 3182 дугаар хэсэгт болсон санал хураалтын дүнг хүчингүйд тооцохоо Сонгуулийн төв хороо мэдээлсэн юм.
В.ПУТИН НУЛИМС УНАГАВ
Сонгуульд ялалт байгуулсан В.Путин “Манай сонгогчдын дэмжлэгээр өнөөдөр бид яллаа. Би ялна гэж амлаж байсан. Бид яллаа” хэмээн мэдэгдээд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс Оросыг бутлахыг хүсэж байна гэж онцоллоо. Өрсөлдөгчдөөсөө хэд дахин илүү санал авсан, хүчирхэг В.Путин олны өмнө үг хэлэхдээ нулимc унагасныг Оросын болон гадаадын хэвлэлүүд онцлов. Төрийн думын сонгуулийн дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан В.Путинийг “хурцалсан” бололтой, тэрбээр энэ удааагийн кампанит ажилдаа их хүч чадал, хөрөнгө зарсан тухай улс төр судлаачид, ажиглагчид онцолж байсан юм.
М.ПРОХОРОВ: БҮХ ЮМ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА
Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдсөн ч С.Миронов, В.Жириновский нарын өмнө гишгэсэн М.Прохоровыг хоёр дахь “ялагч” байсан хэмээн гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Оросын эдийн засагт шинэчлэлт хийж, шинэ үнэт зүйлийг бий болгоно хэмээн амалж байсан тэрбээр “Бүх юм дөнгөж эхэлж байна” гэж өгүүлсэн юм. Энэ удаагийн сонгуульд ялагдсан ч өөрийн гэсэн нам байгуулж, засгийн эрхийн төлөө хуулийн хүрээнд тэмцэхээ тэрбээр мэдэгдлээ. Түүнээс гадна В.Путин М.Прохоровыг шинэ Ерөнхий сайдаар томилж магадгүй гэх яриа ч дэгдэв. Энэ нь эрх баригчид, тэр дундаа В.Путиний дэглэмийг эсэргүүцэгчдийг хэсэгтээ “дуугүй болгох” гэсэн Кремлийн тактик гэж ажиглагчид таамаглаж байгаа аж. Өчигдөр В.Путин М.Прохоровтой утсаар ярьж, түүний кампанит ажил сонирхолтой байсныг онцолжээ.
ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путинийг дэмжигчид болон түүнийг эсэргүүцэгчид жагсаал, цуглаан байгуулахаа мэдэгдэв. “Шударга сонгуулийн төлөө” хөдөлгөөнийхөн Москвагийн Пушкиний талбайд жагсахаа мэдэгдсэн билээ. Харин “Өөр орос” хөдөлгөөний гишүүд, дэмжигчид Сонгуулийн төв хорооны байрын дэргэд цуглаан зохион байгуулах гэнэ. Харин Манежный талбайд В.Путинийг дэмжигчид жагсахаар төлөвлөж байгаа ажээ.
Х.ОД