ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн Москва хотын Пушкиний талбай болон бусад томоохон хотод жагсаал зохион байгуулав. Жагсагчид хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байсан ч энэ арга хэмжээ баривчилгаагаар өндөрлөсөн тухай “РИА Новости” мэдээлжээ. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах журмыг зөрчсөн хэмээн саатуулагдсан Алексей Навальный, Илья Яшин, Сергей Удальцов нарыг хэдэн цагийн дараа сулласан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Пушкиний талбай дахь жагсаалд 14 мянгаас 30 мянган хүн оролцсон гэнэ.
Оросын Дотоод хэргийн яамны мэдээлснээр 250 гаруй хүнийг жагсаалын үеэр саатуулсан гэнэ. Блогч, сөрөг хүчний төлөөлөгч А.Навальный “Бид цаашид ийм арга хэмжээ зохион байгуулна. Хэдэн мянган хүн гудамжинд жагсан, тарж явахаас татгалзаж байна. Бид ялахаас нааш жагсаалаа зогсоохгүй” гэж мэдэгдлээ. “Хууль сахиулагчид хүмүүсийг үндэслэлгүйгээр баривчилсан. Тэднийг талбайд ирэх үед ямар ч үймээн, зөрчил гараагүй байсан” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг С.Удальцов хэлсэн байна. Мөн сөрөг хүчнийхэн энэ сарын 8,9-нд хийхээр төлөвлөж байсан жагсаалаа хойшлуулахад хүрснийг тэрбээр дурджээ. Сөрөг хүчнийхэн жагсаалыг хаана зохион байгуулах талаар Москвагийн захиргаатай тохиролцож чадаагүй гэнэ. Үүний зэрэгцээ жагсагчдыг барив чилсан явдлыг АНУ тэргүүтэй барууны орнууд шүүмжлэв. Энгийн иргэдийг саатуулж буйг харах түгшүүртэй байснаа АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Майкл Макфол онцолжээ.
В.ПУТИНИЙГ ДЭМЖИГЧИД МАНЕЖНЫЙ ТАЛБАЙГ “ЭЗЭЛЖЭЭ”
Оросын “Наши”, “Сталь”, “Россия молодая” хөдөлгөөнийхөн, үйлд вэрчний эвлэл, орон нутгийн тө лөөлөгчид энэ үеэр Манежный талбайд жагслаа. Албан ёсны тоогоор тэнд 15 мянга орчим хүн цугласан байсан гэнэ. Төрийн думын дэд дарга Александр Жуковоор ахлуулсан жагсагчдын дотор хоккейчин Вячеслав Фетисов, боксчин Николай Валуев нар байжээ. Жагсагчид “Орос! В.Путин! Ялалт!” гэсэн уриа лоозон өргөж, Төрийн думын болон Ерөнхийлөгчийн сонгууль шударга болсон гэж мэдэгдэж байлаа. Жагсаалын төгсгөлд Оросын хамтлаг, дуучдын тоглолт болсон байна. Түүний зэрэгцээ метроны “Охотный ряд” станцаас Манежный талбай хүртэл оюутнууд “жагссан” байна. Тэд “Энд концерт болно гэхээр нь л ирсэн. Хэн нэгнийг дэмжих гэж бид ирээгүй” хэмээн ярьцгаажээ.
Х.ОД