Ираны Дээд шүүх Америкийн иргэн Амир Мирзе Хекматид оноосон цаазаар авах ялаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар шийдсэн тухай “Reuters” мэдээлжээ. Америкийн талд тагнуул хийсэн хэргээр түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан бөгөөд 2012 оны нэгдүгээр сард цаазаар авах ял оноосон байна.
Цагаан ордон, Америкийн Төрийн департаментынхан Амирыг тагнуулч байгаагүй хэмээн мэдэгдэж, хэргийг нягтлан шалгахыг уриалж байсан юм. Амир Иранд амьдардаг эмээгээ эргэх гэж очсон хэмээн түүний гэр бүлийнхэн мэдэгдэж буй.
Америкийн Аризона мужид төрсөн Амир Хекмати армид алба хааж байсан, орчуулагч мэргэжилтэй аж. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдсэнээр 1979 оноос хойш Иранд цаазын ял сонссон анхны америк иргэн бол Амир гэнэ.