АНУ-ын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Жон Маккейн Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж, тэднийг хамгаалахын тулд агаараас цохилт өгөхийг эрх баригчиддаа уриалжээ. Сирийн армийнхныг бөмбөгдөх нь Башар Асадын дэглэмийг эсэргүүцэж буй хүмүүст туслах бодит алхам хэмээн тэрбээр онцолсныг AFP уламжилжээ. Мөн босогчдод зэвсэг, техник хэрэгсэл өгөх хэрэгтэй хэмээн Жон Маккейн үзэж байна.
Америкийн эрх баригчид одоогоор Сирид ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин Башар Асадыг огцрохыг, Сирийн эрх баригчдад хориг арга хэмжээ авахыг нэг бус удаа уриалсан билээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын дундуур эхэлсэн зөрчил, мөргөлдөөний улмаас Сирид долоон мянган хүн амиа алдаад байгаа тухай НҮБ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Сирийн Аюулгүй байдлын албанынхан Францын армийн 13 офицерийг баривчилсан тухай ВВС дамжууллаа.
Офицерууд одоо Хомс хотын эмнэлгийн байранд Сирийн цэргүүдийн хяналтад байгаа гэнэ. Францаас Сирид суугаа Элчин сайд Эрик Шевалье өнгөрсөн долоо хоногт Дамаскт буцаж очсон гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар офицеруудыг суллах талаар Франц, Сирийн эрх баригчид хэлэлцэж байгаа аж.