Иракийн өсвөр үеийнхэн барууны хэв маяг болох эмо загвараар хувцасладагаасаа болж амиа алдаж байна. Өнгөрсөн гурван долоо хоногт нийслэл Багдадад гэхэд л 14 хүүхдийг эмо болсных нь төлөө чулуугаар цохиж амийг нь хөнөөжээ. Хохирогчдын дийлэнх нь 14-18 насны сурагчид байсан аж. Танигдахгүй болтлоо зодуулж, чулуугаар нүдүүлсэн хүүхдүүдийг эмнэлэгт аваачсан ч гэмтлээ даалгүй нас барсан байна.
Иракийн Дотоод хэргийн яам “Эмо бол чөтгөр шулмын үйл ажиллагааг илэрхийлдэг” хэмээж, үүнтэй тэмцэхийг орон нутгийн цагдаа нараас шаардсанаас энэ бүх явдал эхэлжээ. Хэвлэл мэдээлэл энэхүү хядлагын талаар дамжуулснаас хойш Дотоод явдлын яам “Үүнд хэнийг ч буруутгах аргагүй” хэмээсэн. Шашинд хэт туйлшрагч этгээдүүд эмо эсвэл этгээд хэв маягаар хувцасласан хэ нийг ч болов залхаан цээрлүүлж, амь нас, эрүүл мэндэд нь халдаж байна. Эл үйл явдалтай холбогдуулан цагдаагийнхан өсвөр үеийнхэнд хандан эмо чиг хандлагаа нэн даруй өөрчлөхийг шаардсан мэдэгдэл гаргалаа.
Нийт хэдэн хүүхэд ийнхүү хорвоогоос хальсныг тогтоогоогүй ч амь үрэгдэгсдийн тоо 90-100-гийн хооронд байгаа аж. Хохирогчдын зургийг “Facebook”-т тавьсан нь сэтгэл сэртхийлгэм байлаа. Гэрчүүдийн мэдэгдсэнээр шашны бүлгэмийн гишүүд зэвсэглэн хүүхдүүдийг эзгүй, зэлүүд газарт аваачаад том том блок, чулуу зэргээр үхтэл нь нүдэж цогцсыг нь хогийн цэгт хаясан гэнэ. Иракийн шашны “Шияа” хэмээх бүлэглэлийнхэн “Хэрэв энэ бүхнээ зогсоохгүй бол та нарт аюул учрах болно шүү” гэж эмо нарт анхааруулжээ.
Г.САЙНЗАЯА