ОХУ-ын Төрийн думын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантай болсон хэмээн үзэж буй сөрөг хүчнийхэн Москва хотын Шинэ Арбатын гудамжинд жагсаал зохион байгуулав. “Шинэ сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болсон уг жагсаалд санал хураалтыг ажигласан иргэд, сөрөг хүчнийхэн тэргүүтэй 10 мянган хүн оролцсон хэмээн цагдаагийнхан мэдэгджээ.
Харин АР агентлагийн сурвалжлагч нар тэнд 20 мянган хүн байсан гэж мэдээлэв. Шинэ Арбатад жагсаал зохион байгуулах талаар сөрөг хүчнийхэн хотын захиргаатай нэлээд хэлэлцсэний эцэст зөвшөөрөл авсан аж. Дашрамд өгүүлэхэд, АНУын Ерөнхийлөгч Барак Обама Оросын Төрийн тэргүүнээр сонгогдсон В.Путинд баяр хүргэжээ.